Нийслэлийн зүүн зүгт амьдарч байгаа иргэд өглөө болгон ажил, сургууль руугаа явах гэж яарч байх үедээ урагшгүй зохицуулагчдаас болж Зүүн дөрвөн замын уулзварт нам хоригддог болоод удаж байна. Уг нь гэрлэн дохионы зохицуулалт байгаа боловч мэдрэмжгүй юм уу, эсвэл зориуд санаатайгаар саатуулаад байдаг ч юм уу өглөө, оройгүй замын цагдаа зогсчихоод зөвхөн Намьянжугийн гудамжнаас ирэх хөдөлгөөнийг байнга татаж, зүүн талаас Энхтайваны өргөн чөлөөнөөс ирэх, хойд талаас Сансараас ирэх хөдөлгөөнийг байнга гацааж жолооч, зорчигчдыг бухимдуулж байна. Хичээл, сургууль, ажил төрөлдөө хүн болгон яарч байгаа үед замын уулзвараар өнгөрөх аль ч чиглэлийн хөдөлгөөнийг жигд зохицуулаад явуулбал хэн ч бухимдахгүй шүү дээ. Яахаараа заавал зүүн болон хойд талаас ирж байгаа хөдөлгөөнийг байнга гацааж байдаг юм бэ? Бид ажил сургуульдаа гацаа түгжрэлгүй, бухимдалгүй явах эрхгүй хүмүүс үү?
Өнөөдөр өглөө гэхэд л Зүүн дөрвөн замын уулзвараас Офицерийн уулзвар өнгөртөл бараг 3 км замд битүү бөглөрөл байсаар байхад 8.30-9.40 хүртэл бүтэн цаг гаруйн хугацаанд хөдөлгөөнийг нь нээж өгөхгүй, бараг хоосон шахуу байгаа Намьянжугийн гудамжнаас ирэх хөдөлгөөнийг байнга татсаар байлаа. Баруун дөрвөн замд зохицуулагч цагдаа нарын оролцоогүйгээр хөдөлгөөн хэвийн яваад болоод байхад зүүн дөрвөн зам дээр яахаараа ингэж зориуд гацаагаад байдаг юм бэ? Хэн нэгэн дарга, эрх мэдэлтний өмнө бөхөлзөж, тэдний хөдөлгөөнийг зохицуулах гэж төсвийн мөнгөөр илүү зардал гарган цагдаа байнга зогсоож байгаа бол таслан зогсоох цаг болсон шүү. Уур бухимдалд хэмжээ хязгаар бий шүү. Баянзүрх дүүргийн иргэд бүгд эвлэлдэн нэгдэж, эрх ашгийнхаа төлөө дуугарч жагсах цаг болсон байна. Бүгдээрээ нийлж зам дээр тэг зогсолт хийж эсэргүүцэл илэрхийлсэн ч буруу юм байхгүй. Монгол Улсад уур бухимдалгүй, хэвийн сайхан амьдрах эрх байна уу, үгүй юу?
БЗД-ийн иргэн Г.Баатар