Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас эх орныхоо нэрийг тив, дэлхий, олимпод мандуулсан олон шилдэг тамирчид төрөн гарсан билээ. Тэдний гавьяаг алдаршуулах, мөнхжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Спортын замнал” хэмээх ном хэвлэгдэн гарчээ. Уг номыг ШШГЕГ-ын Хяналт, шалгалт, аюулгүй байдлын газраас бэлтгэн хэвлүүлсэн байна.
Номын нээлт өнөөдөр Монголын үндэсний олимпын хороонд болсон бөгөөд тус байгууллагын холбогдох албан тушаалтнууд, үе үеийн зүтгэлтнүүд оролцлоо. Мөн Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Токиогийн паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Содномпэлжээ нарын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас төрсөн алдартай тамирчид хүрэлцэн ирсэн юм.
Номын зохиогч, ШШГЕГ-ын Хяналт, шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хуульзүйн ухааны доктор, хурандаа М.Алтан-Очир хэлсэн үгэндээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ спортын олон төрлөөр хичээллэн байгууллагын дотоодын тэмцээнээс эхлэн аймаг, бүс, яам, агентлаг, улс болон тив дэлхий, олимпийн наадамд амжилттай оролцон байгууллага эх орныхоо нэрийг өндөрт өргөн алтан соёмбот далбаагаа мандуулж ирсэн бахдам сайхан түүхтэй. Монгол Улсад орчин цагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой 2021 онд тохиож энэхүү ойн босгон дээр ШШГЕГ-ын хяналт, шалгалт, аюулгүй байдлын газраас байгууллага, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан ахмад ажилтнууд, түүний залгамж халаа болсон залуу тамирчдаа алдаршуулах зорилгоор “ШШГБ-ын спортын замнал” сэдэвт номыг анх удаа бэлтгэн хэвлүүллээ” хэмээн онцлов. Тэрбээр мөн “ШШГБ-ын спортын амжилтаар өмнө нь ямар нэгэн ном гараагүй ба энэхүү ном анхдагч болж 100 жилийн босгон дээр олны хүртээл болж байгаагаараа онцлог юм. Ном маань 5 бүлэг, 23 дэд бүлгээс бүрдэх бөгөөд ШШГБ-ын ахмад, дунд, залуу үеийн спортын амжилтыг мөнхжүүлэх, хойч үедээ дэвтэрлэн үлдээж байгаад ач холбогдол нь оршино” гэлээ.
Д.Дорж