Өнөөдөр Монголын ахмадын холбоо /МАхХ/, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Талууд төр, засгийн эрх баригчдад хандан тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж байгаагаа сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ТАНАА
Ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай шаардлага:
“Нийгмийн даатгалын тухай” хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулж тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”. Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцийн өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан нь уг чанартаа урд өмнө нь тэтгэврээ тогтоолгосон ахмад настан, одоо тэтгэврээ тогтоолгож байгаа адил түвшний мэргэжил, албан ажил эрхэлж байсан ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах буюу ойртуулах бодлогын асуудлыг шийдвэрлэж өгсөн билээ.
Нийгмийн даатгалын хуулиудыг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдсөнөөс хойших хугацаанд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тарифын өсөлт, мөнгөний ханшны уналт, цалин хөлсний өөрчлөлт, тэтгэвэр тогтоолгосон хугацаа зэрэг хүчин зүйлийн нөлөөллөөс хамааралтайгаар үүссэн тэтгэврийн зөрүүг багасгах зорилгоор тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Засгийн газраас нийтдээ 6 удаа шинэчлэн тогтоосон боловч хөрөнгийн эх үүсвэр байхгүй шалтгаанаар уг индексийг хэт багаар баталж байснаас тэтгэврийн зөрүүг арилгах бодитой арга хэмжээ болж чадаагүй юм. 1995 оноос өмнөх үеийн тэтгэврийн хэмжээ болон түүнээс хойших бүхий л үед тогтоосон тэтгэвэр /адил албан тушаал, адил даатгагдсан хугацаа, адил цалин, хөдөлмөрийн хөлс/-ийн түвшинд хүргэх асуудал 20 жилийн турш шийдвэрлэгдээгүй өдий хүрснийг өөрчлөх цаг болсон гэж МҮЭ-ийн холбоо, Монголын ахмадын холбоо үзэж байна.
Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хамгийн сүүлд 2014 онд тогтоохдоо 2011 оны улсын дундаж цалин /424200/-г суурь болгож авсан учраас өмнө нь тэтгэвэр тогтоолгосон ахмад настнуудын тэтгэвэр бодитойгоор нэмэгдээгүй тэтгэврийн зөрүү нь улам ихэсч, авч байгаа тэтгэвэр нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс ихээхэн хоцорч, тэтгэврийн ахмадуудын амьдралд хүндээр тусч байгаа талаар санал гомдол байнга гарч ахмадуудын бухимдал дээд цэгтээ хүрээд байна.
Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолоор бүх тэтгэврийг 2014 онд тогтоосон итгэлцүүрээр шинэчлэн тогтоосноос хойш уг итгэлцүүрийг дахин өөрчлөөгүй зөвхөн тухайн ахмадуудын авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамааруулан 20.0-30.0 мянган төгрөгөөр тэгшитгэн нэмэгдүүлсэн, түүнчлэн 2014 онд тогтоосон тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 2011 оны улсын дундаж цалин 424200 төгрөгөөс тооцож байсан бол 2020 оны эцэст улсын дундаж цалин 1220600 төгрөг болж 2.87 дахин өссөн байхад олон жилийн өмнө тэтгэвэр тогтоогдсон хүмүүсийн анх тэтгэвэр тогтоосон цалинг нь энэхүү цалингийн өсөлттэй уялдуулсан индексээр өсгөж тэтгэврийг өөрчлөн тогтоогоогүй, түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрт “Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг 2022 онд багтаан инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тусгасан боловч 2020, 2021, 2022 онд тэтгэврийг огт нэмээгүй зэргээс шалтгаалан тэтгэврийн зөрүү улам ихсэх үндсэн шалтгаан болж байна.
2021 оны байдлаар нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас 353.8 шахам мянган ахмад настан тэтгэвэр авч дундаж тэтгэвэр 424000 төгрөг, доод хэмжээ нь 300.0-350.0 мянган төгрөг байгаа бөгөөд дийлэнх нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.
2020, 2021 онд үнэ инфляцын хэт өсөлтөд ахмадуудын бодит худалдан авах чадвар өдрөөс өдөрч буурч, амьдралын чадвар эрс доройтож улсын дунджаар 400 гаруй мянган төгрөгийн тэтгэврээр амьдрах аргагүйд хүрч байна гэж үзэж байна.
Ахмад настнуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх ашгийг нь хамгаалах, тэдний амьжиргааны үндсэн эх үүсвэр болсон тэтгэврийг нь нэмэгдүүлж, амьдралын баталгааг бүрдүүлэх, төрийн иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргийг шударга, адил тэгш хүртээмжтэй байх зарчмыг хангуулах зорилгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ахмадын холбооноос дараахь шаардлагыг хүргүүлж байна.
1. Тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг 2022-2023 онд багтан бүрэн шийдвэрлэх. Үүний тул 1990-2011 он хүртэлх хугацааны тэтгэвэр тогтоолгосон цалинг 2100 орчим дахин нэмэгдүүлсэн итгэлцүүрээр өндөр насны тэтгэврийг өөрчлөн бодох тухай Засгийн газрын тогтоол гаргах
2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500000 төгрөгөөс доошгүй хэмжээгээр тогтоож, тэтгэврийн доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 80 хувиас багагүй байх зарчим баримтлах
3. Тухайн тэтгэвэр авагчийн 20-оос дээш жил ажилласан жил тутамд олгодог 1.5 хувийн нэмэгдлийг тэтгэврийн доод хэмжээн дээр нэмдэг болгож тэтгэврийг өөрчлөн бодох
4. Тэтгэврийг нэмэгдүүлж зөрүүг арилгахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрэн гаргахад бэрхшээлтэй гэж үзвэл:
4.1. 2022 оны 2 дугаар сарын 1-нээс тэтгэврийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж 500000 төгрөгт хүргэх
4.2. Өндөр насны тэтгэвэр авагч 70 ба түүнээс дээш настай ахмадуудын тэтгэврийн зөрүүг энэ оны 1-р улиралд багтаан бүрэн арилгах арга хэмжээг авах
5. Тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулж төсвийн тодотгол яаралтай хийх
6. Энэхүү шаардлагыг хэрхэн биелүүлэх тухай шийдвэрээ 1 дүгээр сарын 25-ны дотор хариу мэдэгдэх.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ МОНГОЛЫН АХМАДЫН
ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ХОЛБООНЫ УДИРДАХ
ТЭРГҮҮЛЭГЧИД ЗӨВЛӨЛ