Даян дэлхийн өнцөг булан бүрт байгаа элэг нэгт ахан дүүс, нийт МОНГОЛЧУУДДАА Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР’-ийн мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд ажлын хэсэг гаргаж, судлаач эрдэмтдээр Их эзэн Чингис хааны мэндэлсэн он, сар, өдөр, төрсөн газрыг албан ёсоор баталгаажуулан 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар тэмдэглэлт өдөр болгосон билээ.
Монгол хүн бүр эх орон, ард түмэн, эзэн хаан, түүх шастираараа бахархаж, гэр бүл, үр хүүхдүүддээ үндэсний эх соёл уламжлалаа өвлүүлэхэд энэ өдрийг зориулж байх хэрэгтэй. Техник, технологийн хурдацтай өөрчлөлт, даяаршлын эрин зуунд өөрсдийн гарал угсаа, түүхэн уламжлалыг бид мартах учиргүй юм. Тиймээс та бүхэн Монгол бахархлын өдрийг өргөө гэртээ халуун ам бүлээрээ түүхэн уламжлалаа сэргээн санаж, өнгөрүүлээрэй.
НИТХ-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ