Саяхан АН-ын Онц их хурал болж намыхнаа даргаар О.Цогтгэрэлийг баталсан. Улмаар “Манай нам эв зүйгээ оллоо. Одоо ямар ч хэл ам гарахгүй” хэмээн хуучин, шинэ лидерүүд нь амаа уралдан мэдэгдсэн. Гэтэл уг хурлын шийдвэрийг эсэргүүцэх хүмүүс гараад ирлээ. Тухайлбал АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намын Их хурал хийгээд Майнбаярын Тулгат гэдэг хүнийг намын дарга болгосон. Гэтэл Майнбаярын Тулгат гэдэг хүнийг нөгөө тал зөвшөөрөхгүй байгаа юм. Зөвшөөрөхгүй байгаа учраас О.Цогтгэрэл гэж хүнийг дарга болгосон гэж яриад байгаа. Сая Онц Их Хурал дээр хэд хэдэн юм огт хийгдсэнгүй л дээ. Нэгдүгээрт, тэр О.Цогтгэрэлтэй өрсөлдсөн хүмүүс нь юу бодож байгаагаа ярьсангүй. Ер нь О.Цогтгэрэл гэдэг хүн намын дарга боллоо гэдгээ дахин тунхаглаад байгаа юм уу? Эсвэл намын даргаар сонгогдоод байгаа юм уу? гэдгийг нь ойлгоогүй. Би тэр Их хуралд нь очоогүй л дээ. М.Тулгат бол АН-ын дарга хэвээрээ. Яг үнэндээ бол би ганцхан зүйлийг л хүсэж байгаа шүү дээ. Өнөөдөр Монгол сөрөг хүчингүй болчихжээ. Яахав би өөрийгөө өмнөх парламентад сөрөг хүчин байгаад, том үйл ажиллагаа явуулж байсан гэж магтахгүй. Гэхдээ одоо бол надаасаа бараг долоон дор болчихжээ. Эцэст нь нэг зүйл хэлье. АН-ынхаан, одоо больцгоо. Зүгээр олон таван юмгүй Улсын Дээд Шүүхэд арай ойрхон, бичиг баримт нь хуулийн дагуу болчихоод байгаа Майнбаярын Тулгатыг намын даргаараа тавиад явах ёстой” гэж эсэргүүцлээ илэрхийлжээ.