АН-ын Онц их хурал өнөөдөр болж байна. Эвлэрлийн гэх тодотголтой энэхүү хурлаар тус намын шинэ даргыг сонгож батлах бөгөөд АН-ын дарга асан Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь, А.Адьяасүрэн, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын хүмүүс оролцож байна. Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар ч харагдсан. Гэхдээ С.Эрдэнийн талынхан тэднийг АН-ын гишүүнээр хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. С.Эрдэнийн хувьд өнгөрөгч тавдугаар сард зохион байгуулсан жагсаал дээрээ “Өнөөдрийн байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, захиалгаар гарч ирсэн УИХ-д АН-ын 11 гишүүн гэх АН-ын нэр зүүсэн хүмүүсийн дэргэд бид амьд ажиллаж байсан юм. Бид амьд дуу хоолойгоо хүргэж чаддаг байсан юм аа. Өнөөдөр энэ 11 гишүүн хэний төлөө, юуны төлөө Сүхбаатарын талбай дээр өлсөж цангаж байгаа нэртэй хэвтэж байгаа юм бэ?” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Одоогоор тус нам С.Эрдэнийн тал (Ц.Элбэгдорж) буюу М.Тулгат даргатай АН, Х.Баттулгын тал буюу О.Цогтгэрэл даргатай АН гэж хоёр хуваагдаад байгаа билээ.
Д.Дорж