Өсвөр үеийнхний дунд архи, тамхинд дурлах эмгэнэлт үзэгдэл мэдэгдэхүйц ихэсч байгаа нь зүгээр л сүйрэл. Миний бие хэд хоногийн өмнө 11 дүгээр хороололд ангийнхаа найзтай тааралдлаа. Удаан уулзаагүй найзтайгаа гудамжинд яриад зогсоод байлтай биш ойролцоох зоогийн газар руу орсон юм. Ихэвчлэн залуучууд. Бүр дунд сургуулийн ахлах ангийн хөвгүүд ширээ дүүрэн архи, пиво өрчихсөн хээв нэг ууж суух юм. Шууд ой гутлаа. Тийм орчинд сууж сайхан зүйл ярина гэхээс үнэхээр дургүй хүрлээ. Бармэнаас нь “Насанд хүрээгүй хүүхдүүдэд архиар үйлчлээд байгаа юм биш үү?” гэж асуувал юу ч хэлсэнгүй мөрөө хавчиж байна. 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчлэх хориотой гэдгийг үйлчилгээнийхэн хамгийн сайн ойлгож, баримтлах ёстой. Огтоос гажих ёсгүй хууль дүрэм бол энэ. Гэтэл тэгж чадахгүй байна! Өсвөр үеийнхэн архи, тамхинд донтвол ямар хүн болох вэ? Тэдний өнөөдрийн хүмүүжил, төлөвшил Монгол Улсын ирээдүйтэй холбоотой эмзэг сэдэв.
Цар тахал хүрээгээ тэлж байгаа нь хүүхэд, залуучуудын хэнэггүй байдалтай холбоотой. Чи өнөөдөр баар хэсч, наргиж цэнгэж болно. Ээж, аав, эмээ, өвөө чинь халдвар авч, магадгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлэх эрсдэл бий. Эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, төр засаг, Боловсролын болон Соёлын яам үүнд онцгой анхаарал хандуулахгүй бол Монголын ирээдүй маш бүрхэг төсөөлөгдөж байна! Гэртээ байхдаа гар утсаар өдөр шөнөгүй тоглож, гараад явахаараа архи пиво эргүүлдэг ямар ч зорилгогүй өнөөдрөөрөө амьдардаг байдал хүрээгээ тэлэх вий!
Д.Батболд