“Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаантай уулзаж, цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Саяхан Мөсөн өргөөний нээлтээ амжилттай хийлээ. Ямар байв. Хүмүүсийг хэзээ гулгуулж эхлэх юм бэ?
-Мөсөн өргөөний нээлт сайхан болсон. Бүх хүмүүс халуун дулаан хүлээн авсанд баяртай байна. Одоо цаашид хэвийн ажиллуулах том асуудал тулгарч байна. Эхлээд үйл ажиллагааны зөвшөөрөл авна, удахгүй шийдэгдэх байх аа. Олон хүн гулгах гэж тэсэн ядан хүлээж байгаа нь мэдрэгдэж байна.
-Ойрын өдрүүдэд таныг Сүхбаатарын талбай дээр болж байгаа жагсаалыг санхүүжүүлээд байна гээд л сошиалаар бичээд байх юм… Тэр жагсаал нь Л. Оюу-Эрдэнийн Засгийн газрыг унагах зорилготой гэх юм. Үнэн үү?
-Нийгмийн хүсэн хүлээж байсан Мөсөн өргөөний үндсэн бүтээн байгуулалтаа дөнгөж дуусгаад, үйл ажиллагааг нь эхнээс нь яаж зөв зүгшрүүлж, төгөлдөржүүлэх тухай цаг хоромтой уралдан бодож байх хооронд л тэс өөр зүйлтэй холбоод гүтгээд эхлэх юм. Бүр засаг төрийн эсрэг хэрэгтэй холбоод байгаа юм биш үү. Үүнд үнэний хувь хумхын тоосны чинээ ч байхгүй. Сүнсгүй гүжир гүтгэлэг.
-Тэгвэл Та Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг дэмжиж байгаа гэсэн үг үү?
-Сонгуулиар байгуулагдсан төр засаг нь бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой бодлого үйл ажиллагаа явуулж, ард түмэн нь өвчин зовлон, айх аюулгүй амьдарч, ажил хөдөлмөр эрхэлдэг байх нь аливаа улс үндэстний хөгжих, урагшлах үндсэн нөхцөл. Нуур амар бол нугас амгалан гэдэг. Засгийн газар тогтворгүй байхын горыг шууд болон шууд бусаар иргэн бүр амсдаг. Үүнийг бид эрхбиш ойлгох цаг болсон доо. Бид хөгжих боломжоо алдаж байгаагийн нэг шалтгаан энэ гэдгийг манай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн олон жилийн тайлангаас үзэх боломжтой. Би үндэсний эрх ашгийг дээдэлдэг.
-Тэгээд яагаад таныг оролдоод байдаг юм бол?
-Мэддэг бол шууд хэлчихмээр л байна. Намайг өмнө нь ч нэг биш удаа ингэж гүтгэж байсан бөгөөд харин энэ удаа учрыг нь ольё гэж бодож байна. Намайг сайн мэдэхгүй хүмүүсийн хийж байгаа, өөртөө нүгэл хураасан ажил байх гэж бодож байна. Аль эсвэл манай улсын төр, засгийг тогтворгүй байлгаж, хөгжлийг нь удаашруулах гэсэн гадны ажиллагааны сүүдэр ч байж болно. Тийм учраас энэ болхи гүтгэлгийг шалгуулахаар би хуулийн зохих байгууллагад хандсан байгаа.
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг оролдоод байгаа нь Оюутолгойн асуудлаар Рио Тинтотой хийж байгаа хэлэлцээрийг тасалдуулах гэсэн явуулга гэж зарим хүмүүс ярьж байна. Та судалгаа хийдэг, үндэсний эрх ашиг гэж их ярьдаг, бас Сангийн сайд байсан хүний хувьд Рио Тинтотой ямар тохироо хийж чадвал Монгол Улсад ашигтай, зөв гэж бодож байна вэ?
-Таны асуултанд урт хариулт өгч чадна. Гэхдээ энэ удаад товч хэлье. Оюутолгойн төслийг анхны, ганц ТЭЗҮ-гээр нь явуулж, үргэлжлүүлэх ёстой гэрээний заалтаа Монгол Улсын Засгийн газар тухайн үед хамгаалж чадаагүйд харамсдаг. Түүнээс болж Оюутолгой төслийн үе шат болгонд шинэ ТЭЗҮ хийх болгонд хөрөнгө оруулалтын зардал өсөж, тэр хэмжээгээр манай улсад ногдол ашиг хуваарилах хугацаа алсарч холдох нөхцөл бий болсон. Өөрөөр хэлбэл, Рио Тинтод давуу байдал олгосон. Одоогийн нөхцөлд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 34 хувийн ногдол ашиг гэдэг тэнгэрийн үүлтэй хөөцөлдөх биш, түүний оронд газар дээрх ачуулсан баяжмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болгоноос нь өртөг зардал, ашиг алдагдлаас нь үл хамаарах тусгай роялти авдаг гэрээ хэлэлцээр байгуулахыг чармайх нь зүйтэй гэж бодож байна. Энэ нь энгийн, аль аль талдаа ойлгомжтой бөгөөд эцэс төгсгөлгүй маргаан мэтгэлцээнийг ч цэглэнэ. Хэрэв ийм сайн гэрээ байгуулж чадвал Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газрын түүхэн гавьяа болно гэж хэлмээр байна. Мэдээж хэрэг ийм гэрээ байгуулахад улс төрийн зориг, бас нийгмийн дэмжлэг хэрэгтэй болно.
-УИХ, Ерөнхийлөгчийн дэмжлэг ч хэрэгтэй болох байх даа?
-Мэдээж хэрэг. Саяхан болсон нэг уулзалт дээр манай улсын гурван том дарга гурвуулаа нэг зүгт харж, нэг санаа бодолтой байгаа гээд өдөржин хамт суусан. Энэ нь дээд түвшиндээ нэгдмэл байна гэж ойлгогдсон. Миний хэлэх гэсэн гол санаа бол Оюутолгойн гэрээнд тийм зарчмын чухал өөрчлөлт оруулах болбол бусад нам, олон нийтийн дэмжлэг, консенсусаар буюу зөвшлөөр хийвэл цаашид урт хугацаанд тогтвортой мөрдөгдөх ач холбогдолтой юм гэдэг санаа. Сонгууль болгоны дараа л уул уурхайн нэг том төсөлтэйгээ ноцолдсоор байгаад баларч байгаа манайхаас холгүй нэг улсын сургамжийг л бодсон юм.
-Манай Улс гэрээний нөхцөлөө өөрчилж Риогоос тийм тусгай роялти авах боломжтой юу?
-Боломжтойгоор барах уу. Хоёр тал ямар ч асуудлаар ямар ч гэрээний тохиролцоонд хүрэх нь нээлттэй. Манай улсын хуулинд ч тусгай роялтигийн талаар заалт байгаа. Энэ нь олон улсад ч байдаг түгээмэл жишиг. Хөгжиж байгаа орнууд үндэстэн дамнасан корпорацуудаас (ҮДК) ашиг орлогын татвар, ногдол ашгаа гүйцэд авч чадахгүй, хохироод байхаар нь бодож олсон шийдэл гэж ойлгож болно. Хөгжиж байгаа орнууд хүний нөөцийн чадавхи сул, бас авилгад өртөмтгий. Гэтэл том ҮДК-ууд өртөг зардлаа өсгөх, шилжүүлэх, татвар төлөх ашиг орлогоо бууруулах мянган аргатай гээд бодчих. Үйл ажиллагаагаараа дэлхийг хэрсэн Рио Тинто компанийн хөрөнгө гэхэд л Монгол Улсын ДНБ-ээс даруй долоо дахин их. Тэр хэмжээгээрээ дэлхийн хэмжээний хүний нөөцийн чадавхитай, туршлагатай, ухаантай менежерүүд, мэргэжилтнүүдтэй. Багш, профессорууд гэсэн үг. Бид бол суралцаж байгаа оюутантай л дүйх байх. Тиймээс тусгай роялти авахаар тохиролцож чадвал бид эх орондоо эзэн нь байна даа, тэдний ухаж гаргаж байгаа эрдэс баялгийг сайн лаборатори, багаж хэрэгслээр шинжлэх, хэмжих ажлаа сайн хийгээд, ачилт болгоноос авах мөнгөө тоолоод сууна гэсэн үг.
-Роялти, татвар хоёрыг харьцуулж болох уу?
-Шууд харьцуулах төвөгтэй. Татвар бол компанийн ашиг орлоготой уялдана. Роялти бол компанийн ашигт ажиллагаанаас үл хамаарч, борлуулсан бүтээгдэхүүний үнийн дүнгээс авах тусгай төлбөр. Бүтээгдэхүүний 1 хувийн роялти, компанийн ашгаас авах 5 хувийн татвартай тэнцдэг гэж ярьдаг.
–Рио манай 1,7 тэрбум долларыг хүчингүй болгох санал хэлсэн гэх. Ингэж болох уу?
-Байдаг л зүйл. Рио Тинто Мозамбикт нүүрсний ордод хөрөнгө оруулаад, дараа нь 4 тэрбум доллараа хүчингүй болгож байсныг санаж байна.
-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хийх хамгийн чухал гурван ажил юу вэ, таны бодлоор?
-Залуу хүн юу хийхээ надаар заалгахгүй мэдэж байгаа даа. Гэвч бодлоо хэл гэж байгаа бол, нэгд, Оюутолгойн гэрээг шинэчилж, төслийг үргэлжлүүлэх. Ялангуяа түүхий эдийн үнийн өсөлтийн супер циклийг алдахгүй байх нь аль аль талдаа ашигтай. Хоёрт, “Цахим Монгол” төслөө бүрэн утгаар нь хэрэгжүүлж, төр засгийн үйл ажиллагааг, ялангуяа зөвшөөрлийн системийг цахим болгох. Цахимжуулах тал дээр манай улс бусад орноос олон арван жилийн хоцрогдолтой явж ирсэн. Гуравт, вакцинжуулалтын ажлаа сайн хийж, бизнесийн үйл ажиллагааг үе шаттай эхлүүлж, агаарын хилээ нээх. Хоёр хөрш рүүгээ ч явах боломжгүй байна. Онгоцны нэг талын билеттэй, хэзээ буцах нь ойлгомжгүй байдлыг өөрчлөх цаг болжээ.
Г.Наран