УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Гишүүдийн 83.7 хувь нь хүрэлцэн ирсэн байлаа. 2018 оны намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв. Парламентийн тэргүүн хэлсэн үгэндээ, “Төрийн чадавхийг сайжруулах талаар олон жил ярилаа. Гэвч үр дүн бага байгааг нуух хэрэггүй. Тиймээс эрх зүйн зоримог шинэчлэл хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын нийгмийн захиалга болоод байна’ гэлээ. УИХ-ын даргын хэлсэн үгнээс үзвэл эрх баригч МАН-ын гол зорилт болоод байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх нь тодорхой болжээ.
Дараа нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Нийгмийн бүх давхарга, улс төрийн бүлэглэл, судлаачдын хүрсэн ойлголт, нэгдсэн цэг нь засаглалын тогтолцоогоо Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийх эрс шинэчлэл болоод байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ. УИХ-ын Тамгын газрын судалгаа шинжилгээний хэлтсээс 2015 онд эрхлэн гаргасан “Монгол улстай ижил төстэй зарим орны засаглалын болон эрх зүйн тогтолцоо, сонгуулийн хэлбэрийн талаарх мэдээлэл” товхимолд дурдсанаас үзэхэд 1992 оны Үндсэн хуулиараа монголчууд бид түгээмэл бус засаглалын тогтолцоо буюу дэлхийн 196 орноос Болгар, Финланд, Серби, Монтенегро зэрэг дөрвөн оронд л байдаг хагас парламент-хагас Ерөнхийлөгчийн холимог засаглалыг авсан нь хөгжлийн мухардалд хүргэснийг одоо харж, мэдэж байна. Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн нэг тогтолцооноос нөгөө шинэ тогтолцоо руу хийх шилжилтийг зохицуулахад чухал механизм болжээ’ гэж мөн л Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсныг сануулав. Үүнээс үзвэл энэ УИХ-ын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал ямар ч саадгүй хэрэгжих нь.
Гэхдээ 2017 оны 8 дугаар сарын 14-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн төлөөллийг хүлээж авч уулзах үеэрээ “2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөд сайн ч зүйл бий байх. Муу ч зүйл бий байх. Төрийн 3 өндөрлөгийн хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг шинэчлэх асуудлыг л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулах нь гэж олон хүн ойлгож байна. 25 жил болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэгдүгээрт, Монгол Улс, хоёрдугаарт Монголын гурван сая ард түмний эрх ашгийг нэн түрүүнд тавих ёстой гэж ажлын хэсгийн ахлагч үзэж байгаа гэж хэллээ. Энэ үнэхээр гол асуудал. Гэтэл хэлэлцүүлгийн явцад УИХ-д 65 суудал авсан МАН-ын зүгээс энэ дарааллыг өөрчлөх вий гэсэн болгоомжлол бас байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын эрх ашиг эн тэргүүнд эрэмблэгдэх вий. Монгол Улсынхаа гурван сая иргэний төлөө асуудал ярьж байгаа бол, сумын Засаг даргыг орон нутгийн иргэд өөрсдөө сонгоно, УИХ-ын гишүүд алдаа гаргавал сонгогчид нь эргүүлэн татдаг байна гэх зэрэг асуудлыг нийтээрээ дэмжих магадлалтай’ гээд хийх ажил их байхад Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгааг шүүмжилсэн юм. Тухайн уулзалтад оролцсон Ерөнхийлөгчийн Улстөрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг ч “Шинэ Ерөнхийлөгч гараад ирмэгц Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яагаад довтолгоод унав аа. Нэгд, та нар ингэж шууруулж болохгүй…’ гэж дургүйцлээ илэрхийлж байсан. Гэтэл одоо Ерөнхийлөгч Үндсэн хуулийг нэн даруй өөрчлөх ёстой гэдэг дээр бат зогсох болжээ. Харин сөрөг хүчин болох АН Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг нам дангаараа хийх ёсгүй гэж аль эртнээс мэдэгдээд байгаа шүү дээ.
Д.Лхагва