Нөхөн сонгуулийн өмнө М.Тулгат, О.Цогтгэрэл нар зэргэцэж суугаад “АН эв зүйгээ оллоо” гэж сүртэйхэн зарлаж байлаа. Харин сонгуулийн үр “эв нэгдэл”-ээ олоод удаагүй АН-ын эсрэг гарлаа. Нэр дэвшсэн туршлагатай улстөрч нь сонгогчдын дэмжлэгийг авсангүй. Ийм үр дүнгийн дараа АН дотор дахиад маргаан үүсч, нөгөө тунхаглаад байсан эв нэгдэл нь худлаа байсан нь илэрч эхэллээ. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат сэтгүүлчдэд мэдээлэл хийж Ц.Туваан, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг намаас хөөснийг мэдэгдлээ. “Ц.Туваан нь намын Үндсэн дүрмийг удаа дараа зөрчиж, намын эсрэг үйл ажиллагаа явуулсан” гэдэг ноцтой үндэслэлээр гишүүнчлэлийг нь 4 жилийн хугацаатай хасчээ. Хөөгдсөн “эсэргүүнүүд” бол бүгдээрээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүмүүс. Үүнээс үзвэл Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн хоёр хуучин лидер дээрээ хуваагдсан тус нам дахин хүйтэн дайны байдалд шилжлээ. Хэн хэн нь буулт хийх шинж алга. АН-ын дотоод шуурга ийнхүү улам ширүүсч байх хойгуур ХҮН өөрсдийгөө Монголын хоёрдахь том нам хэмээн ил шулуун зарлах боллоо.
Д.Дорж