Парламентын сэтгүүлчид шаардлага тавьж, эсэргүүцлийн жагсаал маягийн юм хийв. Төрийн ордон хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байх ёстой гэж… Үнэндээ сүүлийн хоёр жил коронавирусын халдвараас шалтгаалаад ч гэх үү, шалтаглаад ч гэх үү ордон нэг л хаагдмал боогдмол болсон. Хэвлэлийнхний хувьд чөлөөтэй орж мэдээлэл авах боломж хумигдсан. Энэ журам улам чангарсан уу гэхээс сулраагүй. Тийм ч учраас парламентын сэтгүүлчид эсэргүүцэл шаардлага тавьж байгааг буруутгах үндэсгүй. Миний мэдэхийн ордон доторх үйл ажиллагааг сурвалжлах эрх бүхий сэтгүүлчид гурав дөрвөн удаа ингэж байр сууриа илэрхийлж байгаа юм. Эхнийх нь 2000 онд тохиож билээ. Тухайн үед МАХН /МАН/ 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа парламентын сэтгүүлчдийн чуулганы танхимд орж сурвалжлах хийх эрхийг өөрчлөх оролдого хийлээ. Өөрөөр хэлбэл, хэвлэлийнхэн чуулганы хуралдааны танхимд оролгүйгээр тусгай зааланд байрлуулсан дэлгэцээр мэдээллээ авч, дамжуулах юм уу даа. Үүнийг парламентын сэтгүүлчид хүчтэй эсэргүүцсэнээр асуудлыг хуучин хэвээр нь үлдээж дөнгөсөн. Дараахан нь 2008 онд шиг санагдаж байна. Байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх саналыг Э.Бат-Үүл нарын гишүүд гаргасан нь мөн л парламентын сэтгүүлчдэд таалагдаагүй. Э.Бат-Үүл аргаа бараад “Энэ гишүүд чинь зурагтын камер харахаараа өөр болчихдог байхгүй юу даа” гэж өөрийгөө өмөөрч байсан санагдана. Харин дараахан Хэвлэлийн хүрээлэнд болсон арга хэмжээн дээр Э.Бат-Үүл өөрийнхөө саналаас татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юмдаг. Миний бие олон жил парламентын сэтгүүлчээр ажиллахдаа Байнгын хорооны болоод чуулганы нэгдсэн хуралдаан сэтгүүлчдэд нээлттэй байх ёстой юм байна гэдгийг олж харсан учраас парламентын сэтгүүлчдийн одоо тавиад байгаа шаардлагыг 100 хувь дэмжиж байна. “Улстөрчид хаана байна, тэнд хэвлэл мэдээллийнхэн байх ёстой”. Бүх асуудал хаалттай, албан мэдээ зонхилсон үед чөлөөт хэвлэл мэдээлэл жинхэнэ утгаараа хөгжихгүй. Челеет хэвлэл бол ардчилал. Ардчилал бол челеет хэвлэл. Эрх мэдэлтнүүдэд хэвлэлийнхний хаагдмал байдал ашигтай, тэд үүнийг л хүснэ. Харин эгэл ард түмэнд өөр мэдээлэл, өөр эрх ашиг хэрэгтэй!
Д.Лхагва