Нийслэлийн онцгой комисс ирэх сарын 1-ний өдрөөс үзвэр, үйлчилгээний газрууд, караокег нээх шийдвэр гаргасан. Энэ нь Эрдэмтийн зөвлөлийн эсэргүүцэлтэй тулгарлаа. “Хэрвээ кинотеатр, шоу тоглолт, караоке бааруудыг нээвэл 14-21 хоногийн дараа халдвар одоогийнхоос 2-3 дахин нэмэгдэнэ. Сургууль, цэцэрлэгийг нээснээс болоод халдвар эрс өссөн. Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиcс бидний зөвлөмжийг үл огоорч, дандаа эсрэг шийдвэр гаргаж байна” хэмээн аргаа барцгааж байна. Үнэн шүү дээ. Өвчин зовлон яая гэж байхад цар тахлын дэгдэлтийг нэмэгдүүлэх алхам огт хийж болохгүй! Энэ бол ноцтой гамшиг дагуулах эрсдэлтэй гэдгийг захын хүүхэд ч ойлгоно доо, уг нь.
Эмнэлгийн орны хүрэлцээ байхгүйгээс гэрээрээ эмчлүүлж байгаа өвчтөнүүд хүндэрч амь насаа алдаж байгаа нь ноцтой зүйл биш гэж үү? Халдварын тохиолдол өдөрт 10.000 давбал эмнэлгийн ачаалал яаж ч бодсон даахгүй. Халдвар авсан иргэдийн хэд нь гэртээ өнгөргөх бол? Манайд Ковидын тусгай эмнэлэг байгуулаагүй, цар тахлын эмчилгээн дээр зөв менежментээр ажиллаагүйгээс улсын хэдэн эмнэлгийн үүдээр өвчтөнүүд нь гарах шахаж байна. Байдал ийм хүнд байхад яагаад алгуурлаад байна вэ? Монгол Улсад нэг ч гэсэн хүний амь дээд зэргийн үнэтэй! Гэтэл ковидоор эндсэн хүний тоо 1000 давчихаад байна. Халдварын тоо өсөх тусам нас баралт нэмэгдэнэ! Амьдрал хэвийн горимд орох болоогүй байна! Байдал ийм нэн хүнд байхад яагаад иргэдийн амь нас, эрүүл мэндийг бодохгүй байна вэ? Төр засаг л ард түмнийхээ амь насыг хамгаалах үүрэгтэй биз дээ!
Д.Дорж