1 дүгээр ангийн хичээл тарлаа. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ тосч авцгаана. Харамсалтай нь бужигнасан хүүхдүүд дотор ойр ойрхон ханиалгах сурагч байна. Бүр нэгээр тогтохгүй. Багшаас нь “Яагаад ханиаж байгаа хүүхдийг авсан юм бэ” гэж асуувал “Сургуулийн захиргаа ч, багш нарын зүгээс ч халуурсан, ханиалгасан хүүхдийг хичээлд нь суулгахгүй байгаа. Энэ дагуу байнга эцэг, эхчүүдэд сануулдаг. Харин өнөө өглөө нэг сурагчийн маань ээж “Манай хүүгийн хоолой нь бага зэрэг өвдөөд, ханиалгаад байгаа юм. Одоо зүгээр болж байгаа. Халуун байхгүй” гээд хүүхдээ өгсөн. Ер нь бид маш хатуу шаардлага тавьж байгаа” гэлээ. Сургуулийн захиргаа ч, багш нар ч үнэхээр их хичээж байгаа нь хэний ч нүдэнд илхэн.
Хэдийгээр халдварын тархалт буурахгүй, нийгэм эрсдэл дунд хэвээр байгаач шинэ хичээлийн жилийг хагас /хосолсон/ танхимын хэлбэрээр эхэлсэн. Эцэг, эхчүүдийн маш том хариуцлага хүлээсэн. Даанч ухамсар дорой, хэнэггүй хүмүүс хүүхдэдээ анхаарал тавих нь бүү хэл, ханиалгаж байх үед нь сургууль руу аваад гардаг нь эмгэнэлтэй. “Бусад хүүхдүүд халдвар аваад гэртээ очих вий” гэж бодох ухамсар алга!
Сургууль, цэцэрлэг рүү эцэг, эхчүүдийг оруулахгүй байх журам үйлчилж байгаа. Дотогшоо оролгүй хүүхдээ үүднээс тосч авна гэсэн үг. Гэтэл өнөөх л түрэмгий, мугуйд зангаараа “Заавал орно” гэж дайрч тухайн боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулах ээж, аавууд ч байна. Тэр ч бүү хэл хээв нэг амны хаалтгүй ирчихээд санаа зовсон шинжгүй авирлах эхчүүд ч харагдана. Өвчин зовлон дэгдээд байхад асуудалд өөрсдийнхөө тэнэг ааш авираар хандаж болохгүй гэдгийг хэзээ ойлгож ухаарах юм бэ?
С.Сүлд