Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улстөрийн эрс шийдэмгий, зоримог шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн зарим эрх мэдлээсээ татгалзаж байгаагаа Тамгын газрын дарга Я.Содбаатараараа дамжуулан ард нийтэд мэдэгдлээ. Төрийн үйл ажиллагааны гацааг арилгах үүднээс өөрчлөлт хийж, шүүхийн томилгоо, шүүгчид хариуцлага тооцдог эрх мэдлээсээ татгалзаж байгаа бололтой. Ингэснээр шүүхийн шинэчлэл жинхэнэ утгаараа эхлэх боломжтой болж байгаа юм байна. Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргаснаар шүүгчийг томилох, хариуцлага тооцох эрх мэдэл УИХ-д очиж аж. Харин АТГ-ын даргын нэрийг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд УИХ-д өргөн барьдаг болж өөрчлөгдлөө. Х.Нямбаатар сайдын хэлснээр нэр бүхий шүүгч хэнд хэдэн жилийн ял өгөхөө Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт очиж асуудаг байдалд цэг тавигдлаа. Нэг ёсондоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Шударга бусын хонгил” хэмээх механизмыг нурааж, шударга ёсны хувьсгалыг хийх бодлогынхоо хүрээнд ийм шийдвэр гаргажээ.
Д.Дорж