Дүүргийн ИТХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоол, Засаг дарга Н.Алтаншагайн 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн авто замын нэмэлт гэрэлтүүлэг хийх ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд 21-р хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс, Геологийн төв лабораторийн уулзвараас 21-р хорооллын уулзвар хүртэл, Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх, Залуус гудамж, Барилгачин гудамж, 33-р байрны ар талын гүүрнээс Энхтайвны өргөн чөлөөний авто зам хүртэл нийт 621 гэрэлтүүлгийн шон суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар 21-р хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс, Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх авто замын нэмэлт гэрэлтүүлгийг суурилуулж байгаа юм. Нэмэлт гэрэлтүүлгийн шон угсралтын ажил бүрэн дууссанаар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг нэмэгдэж нийт иргэдийг аюулгүй орчинд аж төрөх нөхцөлөөр хангах юм.