Эрх баригч МАН нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодрууллаа. Тус намын Бага хурал хуралдаж, Удирдах Зөвлөлөөсөө Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэхээр санал оруулсан Энхбаярын Батшугарыг дэмжиж баталлаа. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр тогтов. Э.Батшугарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт МАХН-аас нэр дэвшиж, 22991 хүний саналаар гурван мандаттай тойргийн дөрөвдүгээрт орсон билээ. Өөрөөр хэлбэл, удаалсан гэсэн үг. Харин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАН, МАХН хоёр нэгдэхэд Э.Батшугар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болсон юм. Эрх баригчид нэр дэвшигчдийн рейтингийг тогтоох судалгаанд үндэслэн хамгийн магадлалтай хүмүүсээ дэвшүүлсэн гэж ойлгогдож байгаа юм. Гэхдээ МАН-ын “үндсэн” гишүүдээс энэ шийдвэр дургүйцэх хүмүүс байгаа бөгөөд дор бүрнээ цахим хуудсаараа дамжуулан дургүйцлээ илэрхийлж эхэлжээ.
Д.Бат