Цар тахлын улмаас эрсдэлд орсон эдийн засгаа аврахыг бөөрөнхий дэлхийн улс бүр хичээж байна. Тахлын тархалт, хүн амын эрүүл мэнд, араас нь улсын эдийн засаг орж байна. Үүний ард улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдал, цөм багтана. Иймээс л улс орнууд эдийн засгаа аварч үлдэх нь цар тахлын дараа “амьд үлдэх” хамгийн гол хүчин зүйл болоод байгаа юм.
Монгол Улсын хувьд бүх хэрэглээгээ импортолдог. Газрын доорх баялгаа л экспортолдог. Нэг үгээр хэлбэл, уул уурхай дагасан хөрөнгө оруулалт дээр эдийн засаг маань тогтдог. Харамсалтай нь Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн жилүүдийн бидний алдаа, сүүлийн хоёр жилийн цар тахлын нөлөөлөл бүхий хямралаас болж улам хүндэрсэн. Энэ нь улсын эдийн засагт цохилт өгчихөөд байгаа юм.
Харин цар тахлын энэ хүнд үед гадаадын хөрөнгө оруулалтад Засгийн газраас онцгой анхаарал тавьж буй нь илтэд анзаарагдаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан нэгэн гэнэтийн мэдэгдэл хийв. Тэрбээр Засгийн газрынхаа 200 хоногийг тааруулж, 2021 оны наймдугаар сарын 17-нд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай хийсэн зөвлөлдөх уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдаас уучлал хүссэн юм.
Ерөнхий сайд хэлэхдээ “Өнгөрсөн 30 жилд хөрөнгө оруулагч нартай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж, Ерөнхий сайдын хувиар уучлал хүсэж байна.
Өнгөрснөө дүгнээд, ирээдүйгээ шинээр эхлэхийн тулд өөрөөс шалтгаалах бүх боломжийг ашиглана гэдгээ та бүхэнд амлах нь зүйтэй болов уу. Энэ дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар нэг байр суурьтай, нэгдмэл бодлоготой байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Бид гурвын дунд засаглалын ч юм уу ямар нэгэн зөрчил үүсэхгүй байх гэж бодож байна. Энэ нь хувь хүнээс илүүтэй Үндсэн хуулиар зохицуулагдах асуудал юм. Тиймээс тулга тойрсон биш илүү ирээдүйг харсан чиглэлд ажиллах болно” гэлээ.
Ер нь бол Монгол Улсын үе үеийн Засгийн газрын тэргүүн ийм байр суурь илэрхийлж байгаагүй юм. Тэр утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ гэнэтийн мэдэгдэл Монгол Улстай хамтардаг гадаадын хөрөнгө оруулагчид, улс орнуудын анхаарлыг зүй ёсоор татав.
Бидний авч буй мэдээллээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх мэдэгдлээ хамгаалах мөн эдийн засгаа сэргээх талаар ямар арга хэмжээ авахыг Монголыг сонирхогчид, хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30-аад жилд Монголын төр, засаг, хууль хяналтын байгууллагын гадаадын хөрөнгө оруулалтад хандаж ирсэн байдал өөрчлөгдөх үү гэдэг хүлээлт үүсээд байна.
Үл мэдэгдэх шалтгаанаар өмнөд хөрш нүүрсний импортоо гацаасныг ч үүнтэй холбож болох юм.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтад ийм хайхрамжгүй хандаж ирснийхээ шанд 2013 онд ФАТФ-ын саарал жагсаалтад багтсан. Ингэснийхээ дараа тухайн үеийн Засгийн газар зарим шинэчлэлийг хийж, ФАТФ-т таалагдах зарим арга хэмжээг авсан байдаг.
Гэсэн ч энэ бүгдээсээ 2016 онд ухарсан. ФАТФ ч үүнийг онцолж, “Монгол Улс зарим шинэчлэлээсээ ухарсан” гэж үзсэн. Улмаар эдийн засгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн хяналтыг сайжруулах, хууль зөрчсөн хүмүүстээ хариуцлага тооцох зэрэг 40 зөвлөмж бүхий хуулиудаа хэрэгжүүлэхийг манай Засгийн газраас шаардсан. Энэ зөвлөмжийг дагаж мөрдөхийн тулд манай Засгийн газар 2017 оны хавар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр гаргасан.
2020 оны сонгуулийн дараах Засгийн газар, 2021 оны эхээр дахин эмхлэгдсэн Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Монгол Улсын хөрөнгө оруулалтын имижийг сайжруулах амлалтыг өгсөн. Үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг ФАТФ-т танилцуулсан. Тиймээс л үүндээ хүрч чадах уу гэдгийг хөрөнгө оруулагчдаас гадна монголчууд нийтээрээ харж байгаа юм. Хамгийн гол нь энэ бүхний эцэст Монгол Улс хуулиа хэрэгжүүлдэг, гадаадын хөрөнгө оруулагчдад эрх тэгш ханддаг байх нь чухал болоод байгаа юм.
Өнөөдөр үргэлжилж буй Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагчдын хэлэлцээрийн үр дүн дээрх шалтгаан хийгээд нөхцөл байдалтай шууд холбогдоно.
Гэхдээ одоогийн Засгийн газрын барьж буй бодлого, байр суурь нь гадаадын хөрөнгө оруулалтад таатай нөхцөлийг бий болгох нь гэж гадна, дотногүй дүгнэж хэлж эхэлсэн байна.
Үнэнийг хэлэхэд манай төр хийгээд хууль хяналтынхан гадаадын хөрөнгө оруулалтад мөн ч гамгүй хандаж ирсэн л дээ. Бодит жишээ олон бөгөөд хөрөнгө оруулалт бүхэн манайхны “ааш аяг”-ийг тэвчиж давж гарахыг боддог гэхэд болно.
Тэр ч бүү хэл, хөрөнгө санхүүг нь авчихаад өөрийг нь хөөгөөд явуулчихдаг жишээ олон.
Маш товчоор дүгнэхэд Монголын засаг төр солигдохоороо гадаадын хөрөнгө оруулалтын талаарх өмнөх засгийнхаа шийдвэрийг хүчингүй болгож, дахин шинээр эхлүүлэх “шаардлага” тавьдаг. Бас хууль хяналтын байгууллагынхны онцгой оролцоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтыг дээрэмддэг.
Бид энэ хоёр хясан боогдуулах замаар гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж тууж, дээрэмдэж залилдаг өөдгүй зангаараа дэлхийд зарлагдчихсан. Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэл алдарчихсан хэрэг л дээ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг залилдаг, дээрэмддэг үйлдлүүд өнөөг хүртэл тасрахгүй байгаа нь Засгийн газар, хөрөнгө оруулагчдын дунд хамгийн тааруухан ангал болоод байгаа юм.
Засгийн газар, Ерөнхий сайд ийм байр суурьтай байж, шударга бус байдалтай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна. Тэгвэл хууль хяналтын байгууллага, тэр дундаа прокурорын байгууллага гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хэргүүдэд цаашид яаж хандах вэ. Урьдын адил мөрдөн байцаалт нь дуусаад шилжиж очсон хэргүүдийг сураг алдартал нам дарах эсвэл ямар нэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгож дуусгасаар байх уу. Энэ бол Засгийн газрын эрмэлзэлд нэлээдгүй нөлөө үзүүлнэ. Ялангуяа, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы үйл ажиллагаа нэн чухал нөлөөтэй. Нэг зүгээр хэлбэл, тэрбээр хууль ёсны дагуу ажиллаж эхэлбэл гадаадын хөрөнгө оруулалтын дээрэмтэй холбоотой асуудалд цэг тавих тал руу орно. Тэгэхгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл, байр суурь нь ердөө л нэг шоу болж хоцрох юм.
Ийм нөлөө үзүүлэхүйц сүүлд “илэрсэн” ганц хоёр жишээ дурдъя.
Хоёр жилийн өмнө АТГ-ынхан УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьж, улмаар 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд “Евроази интернэшнл инвестмент групп”-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан. Тэгэхдээ бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нэг нь ч хэрэгжээгүй байгаа юм.
Иймд АТГ-аас дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн байдаг. Энэ хэрэг одоо сураг алдраад байна.
Саяхан сар орчмын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэгэн хэрэг олон нийтэд ил болсон. 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Аба плюс” ХХК -ийн дансыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн битүүмжилжээ.
Тэгж байгаад 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр буюу “Аба плюс” ХХК дансаа битүүмжлүүлээд нэг жил, 14 хоног болсны дараа НПГ-аас “Гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй байна” хэмээн дүгнэсэн байдаг. Мөн 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр буюу НПГ-ын тогтоолоос хойш 20 гаруй хоногийн дараа Монголбанкнаас нэр бүхий банкуудад “Битүүмжилсэн данс нээх тухай” албан бичгийг хүргүүлжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл “Аба плюс” ХХК-ийн дансыг нээлгүй, 1.8 жилийн хугацаанд үйл ажиллагааг нь гацаажээ. Энэхүү гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Аба плюс” ХХК бол гадны хөрөнгө оруулагчдыг Монгол Улс руу татаж, хөрөнгө мөнгө босгож байгаа компаниудын нэг байх жишээтэй.
Найман жилийн өмнө АТГ-ын дэд дарга Б.Хурц, Сөрөх тагнуулын дарга асан, хурандаа Д.Цогтбаатар нар муудалцаж байв. Муудалцсан ч гэж Д.Цогтбаатар эрүүгийн хэргээр хоригдсон. Д.Цогтбаатар хорихоос захидал бичиж байв. Эхнэр нь ч Төрийн тэргүүнээс эхлээд олон албан тушаалтанд ил захидал илгээсэн. Тэндээс Б.Хурц, Д.Цогтбаатар хоёрын дунд олон шалтаг бүхий зөрчил байсан нь харагддаг. Тэдгээрийн нэг нь Монголд 12 сая евротой ирээд алга болсон Германы иргэний асуудал байдаг. Д.Цогтбаатар 2014 оны тавдугаар сарын 22-нд Төв аймгийн Мөрдөнгөөс бичсэн захидалдаа “УМБГ-аас намайг ХБНГУ-ын иргэний эхнэр Гантуяагаас их хэмжээний мөнгө залилан авсан хэмээн шалгасан ба шалгах үндэслэл нь “Д.Цогтбаатар намайг энэ хүмүүсийг шалгах ажлын хэсэгт орж ажиллаж байсан, Гантуяагийн банкинд хадгалуулсан мөнгийг очиж шалгалаа” гэх үндэслэлүүд байв. Гэтэл эдгээр үйл ажиллагаа явагдаж байх үед буюу 2005 оны эхний хагаст би Монголд байгаагүй, ОХУ-д гэр бүлийн хамт байсан, ТЕГ-т тухайн үед дээрх хэргийг шалгах ажлын хэсэг батлагдаж байгаагүй. Гантуяа гэгч нь Д.Цогтбаатар намайг танихгүй, надад ямар нэгэн мөнгө, эд зүйлс залилан мэхлүүлээгүй нь тогтоогдсон боловч энэ хэрэг мөн л одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.
Энэ хэрэгт намайг буруутгасан дээрх үндэслэлийг бүрдүүлсэн мэдүүлгүүдийг Б.Хурц өгсөн ба түүний мэдүүлгийг үндэслэж намайг хорьж мөрдөх хугацааг сунгахын тулд яллагдагчаар татаж байв. Б.Хурц нь намайг энэ хэрэгт сэжиглэгдэн хоригдсоны дараа уг хэрэгт гэрч болох ОХУ-д хамт байсан хүмүүсийг АТГ-т дуудуулах, миний гэр бүлийн гишүүдийг хууль бусаар (уг хэргийг АТГ шалгаагүй) мөрдөн мөшгих, урьдчилан хорих 461 дүгээр ангид эргэлт уулзалт, өмгөөлөгчтэй уулзах үед утсан харилцааг хянах зэрэг үйл ажиллагааг ил явуулах болсон” гэж бичсэн байдаг. Тэр талаар Б.Хурц 2017 онд телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Цогтбаатар алга болсон герман хүний гар утас, унаж байсан машиныг нь хэрэглэж байсан байдаг байхгүй юу. “Шанага” Ганболд ЭЦГ-ын дарга, Би Сөрөх тагнуулын дарга байсан. Хоёр талаас шалгая гээд доошоо хүмүүстээ хариуцуулсан. Манайхаас хариуцсан хүн нь Цогтоо. Цагдаагаас намайг бас байцаасан. Дам судлаад үзэхээр тэр хүний хэрэглэж байсан 9911-тэй гар утас, мерседес машиныг Цогтбаатар хэрэглэж байсан” гэж ярьсан. Түүнийг нь Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Баянбилэг хэвлэлд “2013 онд Д.Цогтбаатарыг Германы иргэнийг алсан, залилсан гэх хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татах гол үндэслэл нь иргэн Б.Хурцын мэдүүлэг байсан гэж УМБГ-ын мөрдөн байцаагч бидэнд албан ёсоор хэлж байсан. Тэгэхээр энэ хэрэгт олон сараар хорьж шалгуулж хэлмэгдүүлсний хариуцлагыг ч Б.Хурц гэж хүнээс нэхэмжилж хуулийн байгууллагад хандаж байгаа. Энэ хүн бас Д.Цогтбаатарыг Германы иргэний мөнгийг нь авчихсан гэж төрийн өндөр албан тушаалтнуудад өөрөө яриад явж байсан гэж сонссон” гэж ярьсан байдаг юм.
Бас нэг ноцтой хэрэг бий. Хэдэн жилийн өмнө дуулиан болж дэгдэж байсан. Одоо ч дуусаагүй. Тэр хэргийн талаар 2021 оны наймдугаар сарын 22-нд https://www.intellinews.com/-д “Zasag Chandmani mining dispute is a litmus test for Mongolia” буюу “Засаг чандмань уурхайн маргаан бол Монгол Улсын хувьд том сорилт” гэх гарчиг бүхий томоохон нийтэл нийтлэгдсэн байна. Манай төр, хууль хяналтынхан, эдийн засгийн нөхцөл, тэгээд болсон хэрэг явдлын талаар ёстой л улайтал бичжээ.
Английн ерөнхий сайд Борис Жонсоны дүү Макс Жонсоны 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг манай улсын “Засагчандмань”, “Засагчандмань майнз” гэх нэг эзэдтэй компани “залгичихсан” хэрэг байгаа юм.
Уг нийтлэлд хэрхсэнийг товчлон сийрүүлье.
Макс Жонсон нь Хонгконгийн “GRFparagoh” компанид ажилладаг. Томоохон хөрөнгө оруулагчдын хамт “Засагчандмань”-ийн полиметалын уурхайд 19 сая ам.долларын хөрөнгө оруулсан.
Гэвч “Засагчандмань”-ийн эзэн уг хөрөнгө оруулалтын ихэнхийг аваад сураггүй алга болчихсон. Монгол Улсын ЦЕГ, АТГ энэ хэргийг шалгаж, “Засагчандмань”-ийн эзэн Дашдэлэгийн Буянтогтох, гүйцэтгэх захирал П.Инж-Улбаа, Т.Эрдэнэбатхаан, Санхүүгийн албаны дарга А.Цэнд-Аюуш нарын дээрх хөрөнгө оруулалтыг залилан мэхэлсэн, мөнгө угаасан болохыг нотолсон баримтуудыг илрүүлсэн байна.
Мөрдөн байцаалт үргэлжилж байхад буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс Д.Буянтогтохын гадаадад зорчих эрхийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгосон. Ингэснээр Д.Буянтогтох хил давж явсан. Одоо АНУ-д байгаа бололтой.
Ингээд хэргийн мөрдөн байцаалт зогсож жил шахам болсны дараа 2021 оны дөрөвдүгээр сарын Макс Жонсон болон түншүүд нь хэргийг АТГ-т шилжүүлэх хүсэлт гаргажээ. Хүсэлт ёсоор болсон байна. Хэрэг одоо прокурорын хяналтад байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид хэрхэн шийдэхийг нь хүлээж байгаа юм байна.
Уг нийтлэлд Макс Жонсон яагаад Монголд хөрөнгө оруулах болсон талаар бичсэн байна. Макс Жонсон карьер өндөртэй нэгэн бөгөөд Монголд хөрөнгө оруулах хүртэл нэлээд замыг туулсан. Тэрбээр Брюссельд төрсөн. Оксфордын их сургууль төгссөн. Аав нь, нэг ах нь Европын комисст ажилладаг байсан. Бас нэг ах нь Английн ерөнхий сайд Борис Жонсон ажээ. Борис Жонсоны хувьд ерөнхий сайдын цалин бага, амьдралд хүрэлцэхгүй, түүний оронд лекц уншвал хоёр дахин ихийг олно гэж үздэгээ нуудаггүй нэгэн. Өөрөөр хэлбэл, Борис Жонсоны “ил тод”, шударга байдал нь англичуудын дэмжлэгийг хүлээдэг.
Ийм удам судартай Максын хувьд гэр бүлийнхээ “уламжлал”-ын дагуу Оксфордыг дүүргэхдээ орос хэл сайн сурсан байна. Дараа нь Хонгконгод таван жилийн турш металлын бизнес эрхэлжээ. Тэр үедээ “Голдман Сакс” компанид ажиллаж байгаад алдартай хөрөнгө оруулагч Саймон Мюррейтэй танилцжээ. Саймон Мюррей тэр үед Монголыг сонирхож, хувийнхаа “GEMS”-ээр “Засагчандмань”-ийн уурхайд хөрөнгө оруулах зорилгоор “GRFparagoh” компанийг байгуулсан байна. Гол нь тэд танилууд, мөн Максыг оросоор сайн ярьдгийг мэдэх тул Монголд хэрэгжүүлэх төсөлд нь хяналт тавьж ажиллахыг санал болгосон байгаа юм. Энэ талаар Макс Жонсон “Мюррей намайг оросоор ярьдаг гэдгийг мэдэж байсан. Уурхайн төсөлд туслаач гэсэн. Уг нь энэ сайн төсөл байсан. Алт, зэс, төмрийн хүдрийн орд. Уурхайг бусад хөрөнгө оруулагчийн хамт ажиллуулахын тулд бид 19 сая ам.долларыг хөрвөх зээлийн гэрээгээр зээлүүлсэн. Тэгж хөрөнгө оруулсан” гэж ярьсан байна.
“GRFparagoh”-ийн хөрвөх зээлийн эцэст нь компанийн 30 хувийг өөрийн эзэмшилд авах магадлалтай байжээ. “GRFparagoh” нь түүхий эдийн “Нобль Ресурсес”-ийг дагаж мөн “Нобль Ресурсес” нь 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хөрөнгийг тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлийг эхлүүлэхэд зарцуулах ёстой байв. Гэвч удалгүй бүх зүйл буруугаар эргээд эхэлжээ. Хөрөнгө оруулагчид зохих хяналт шалгалтыг хийж явсан боловч уурхайн үйл ажиллагаа цагтаа эхэлсэнгүй. Макс Жонсон энэ талаар “Бид ТУЗ-ийн гишүүд боловч компани нь ТУЗ-ийн хурлаа хийдэггүй байсан. Тэд бидэнд тайлан болон менежментийн данс л илгээдэг байсан. Гэхдээ энэ бүгдийг бидэнд компанийн менежер нь өгдөг байсан” гэж ярив. Мөн тэрбээр “Нэг удаа “Нобль Ресурсес” аудитаар баталгаажуулсан данс авахыг хүсэхэд компанийн удирдлага тэдэнд “Мөнгөгүй. Хэрэв хөрөнгө оруулагчид аудит хийлгэсэн данс авахыг хүсвэл төлбөрийг өөрсдөө төлөх ёстой” гэсэн хариу өгсөн. Тэр үед л бид сэжиглэж эхэлсэн. Улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч, хөрөнгө оруулагчид мөнгөө буцааж өгөхийг шаардсан. Д.Буянтогтох “Зээлийн нэг ам.доллар тутамд 20 цент төлөхийг санал болгосон. Үүнийг бүгдээрээ хүлээж аваагүй” гэж мэдүүлэг өгсөн. Ямартай ч эцэст нь “Нобль Ресурсес” гэрээг цуцалсан. Харин “GRFparagoh” тэвчээр гаргаж, ядаж үндсэн зээлээ буцааж авах нь зөв гэж үзсэн. Монгол Улсын хуулийн дагуу бид зөвхөн үндсэн төлбөрөө л нэхэмжлэх эрхтэй. Энэ хугацаанд хуримтлагдсан хүүг нягтлан бодох бүртгэлдээ муу өр гэж гэж бичдэг. Үүгээрээ барууны улсуудаас ялгаатай” гэж ярьжээ.
Нэгэнт ийм нөхцөл үүссэний дараа Макс Жонсон ЦЕГ-ын МБА-нд хандсан байна. Тэнд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
“АТГ үнэхээр сайн ажилласан. Хэргийг нарийвчлан судалсан. Тэд мөнгө завшсан, мөнгө угаасан хэргийг нарийн харуулахуйц нэлээд хэмжээний нотлох баримт олсон” гэж Макс Жонсон хэлсэн байна. Гадаадын хөрөнгө оруулагчийн хэлээд байгаа шиг ингэж хууль хяналтын байгууллагаас энэ асуудлаар шалгаж тогтоосон уу гэдгийг ч тодруулав. Мөрдөн байцаах газрын эх сурвалжаас авсан мэдээллээр үнэхээр шалгаж тогтоосон байна. Нарийн шалгажээ. Хөрөнгө оруулагчийн мөнгийг хэрхэн авсан, цааш нь яаж угаасан талаарх “замын зураг”-ийг бид дараагийн нийтлэлээрээ хүргэх болно.
Д.Буянтогтохыг 2019 оны сүүлчийн шөнө гадаад руу зугтсаны дараа цагдаагийнхан “Засагчандмань”-ийн гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга нарын гадаадад зорчих эрхийг хааж, гадаад паспортыг хурааж авчээ. Мөн тэдний залилан мэхэлсэн бусад үйлдлийнх нь дунд “Засагчандмань”-ийн уурхайн удирдлагуудын хамаарал бүхий компаниуд харьцангуй өндөр үнээр худалдан авалтын үйл ажиллагаанд оролцсоныг цагдаагийн байгууллагынхан олж мэдсэн байна. Тэдгээр компани нь “Засагчандмань”-ийн эзэмшигч, ажилтнууд эсвэл тэдний найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн компаниуд байжээ.
Макс Жонсон энэ талаар “Эдгээр бараа, үйлчилгээг хэзээ нийлүүлсэн эсэх нь тодорхойгүй байсан“ гэж хэлсэн байна.
Зээлийн 10-15 сая ам.долларыг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан боловч үүнд оролцсон компаниуд нь үйл ажиллагаа явуулдаггүй, холбогдох этгээдүүдийн хамаарал бүхий компаниуд болох нь цагдаагийн байгууллагын бүрдүүлсэн баримтаар нотлогджээ.
Гэсэн хэдий ч Чингэлтэй дүүргийн шүүх хүмүүсийг шинэ жилийн баяр тэмдэглэж байх зуурт Д.Буянтогтохын гадаадад зорчих хоригийг хүчингүй болгосон. Д.Буянтогтох нь шүүгчийн тэр захирамжаас гурван цагийн дараа БНСУ руу ниссэн. Тэр цагаас хойш Дашдэлэгийн Буянтогтохыг Интерполын улаан зарлан мэдэгдэх хуудсаар эрэн сурвалжилж байна.
Үргэлжлэл бий…
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин