Он цаг улирах бүр нийгэм хөгжиж, хүмүүсийн ухамсар сэтгэхүй дээшлэх ёстой. Угаасаа нийгмийн хууль тийм л байдаг. Харамсалтай зарим хүмүүсийн харилцаа хандлага, ааш авирыг харахаар энэ логик эсрэгээрээ үйлчлээд байх шиг.
Нийслэл хотын гудамжаар дүүрэн галзуу ноход шиг давхилдах балмад жолооч нарын бүдүүлэг үйлдлийг харахаар өөрийн эрхгүй ингэж бодох юм. Заримдаа цаг хугацаа 1990-ээд оны ороо бусгаа үе дээр зогсчихсон ч юм шиг санагдах…
2021 он гарсаар 28 хүүхэд авто осолд өртжээ. Гэрлэн дохио зөрчдөг, хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, эгнээ байраа буруу эзэлдэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог, уур бухимдлаа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гаргадаг этгээдүүдээс болж гэм зэмгүй өчнөөн олон хүүхэд багачууд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа нь даанч харамсалтай.
Ердөө тавхан хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэллээ. Хоёр жил орчим сургууль, цэцэрлэгийнхээ барааг хараагүй хүүхдүүд хөөр баяр дүүрэн ангийнхаа найз руу яарч таарна. Ухамсар дорой, нийгэмшээгүй “жолооч” нарт нийгмээрээ хатуу хяналт, шаардлага тавих ёстой боллоо!
Д.Дорж