Цар тахлын өмнө дэлхий туйлдаж байна. Хамгийн хүчирхэг улс орнууд ч байдаг чадлаа шавхан тэмцэж байна. Монгол Улсын хувьд байдал түгшүүртэй, эрсдэлтэй хэвээр… Эцсийн эцэст халдварын аюул холдох, эсэх нь иргэдийн хариуцлагаас хамгийн их хамаарах нь ойлгомжтой гэдгийг хэн хүнгүй харж, ухаарсан байх учиртай. Харамсалтай нь монголчууд дотор хариуцлагагүй, ухамсаргүй хүмүүс олон байгаа бөгөөд тэд хэнэггүй зангаа засахыг хүсэхгүй байгаа нь гашуун эмгэнэл.
Ямар ч амны хаалтгүй олон нийтийн газар ханиаж найтааж явах хүн хаа сайгүй харагдана. Нэг л хүний ухвар мөчид үйлдэл олон хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгааг ойлгох чадваргүй хүмүүсийн толгойг зүгээр илээж өнгөрч болохгүй! Хамгийн хурдан тархдаг Дельта хэмээн хувилбар Монголд илрээд байгааг ХӨСҮТ-ийн захирал мэдэгдсэн.
Хоёрхон долоо хоногийн дараа сургууль, цэцэрлэг эхэллээ. Зарим хүмүүсийн хувьд эхний хоёр гурван өдөр амны хаалт зүүж, тухайн боловсролын байууллагын шаардлагыг биелүүлдэг ч хэсэг хугацаа өнгөрсний дараа өнөөх л “орк” зангаараа халдвар, хамгааллын зөрчөөд эхэлдэг нь гашуун үнэн. Одоо ийм байдал гаргуулж хэрхэвч болохгүй. Орон нутгаас оюутнууд ороод ирэхээр хот, хөдөөгийнхөн холилдоод цар тахлын том давалгаа үүсэх эрсдэл маш өндөр байна. Хамгийн гол нь насанд хүрсэн хүмүүс шиг асуудалд нухацтай, хариуцлагатай хандмаар байна. Маск зүүхгүй, сургууль, цэцэрлэгээс тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага тооц! “Миний буруугаас ангийнхан маань тэр чигээрээ халдварт өртөнө. Тэдний ард гэр бүлийнхэн нь байгаа” гэж бодож, ухамсарлаж чадахгүй оюутан нэртэй хэнэггүй этгээдүүдэд орон зай бүү олго!
Жич: Ер нь бүх оюутан, сурагчдыг PCR шинжилгээнд хамруулж байж танхимын хичээлээ эхлүүлбэл яасан юм бэ?
Д.Лхагва