Худалдаа, үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэмийг хамгийн өндөр түвшинд хангах ёстой. Аль нэг супермаркетийн сэтгэлгүй, хүйтэн, хариуцлагагүй хандлагаас болж олон хүн халдвар тээгээд гэртээ харьж байгаа нь байж боломгүй асуудал.
Худалдаа, үйлчилгээний газруудад тавьж байгаа шаардлагаар бол үүдэнд нь халдвар, хамгааллын хувцастай тусгай ажилтан сууж, үйлчлүүлэгч нэг бүрийн халууныг үзэж, гарыг нь ариутгах ёстой. Харамсалтай нь тэр шаардлагыг хангаж байгаа дэлгүүр хоршоо, худалдааны төв өдрөөс өдөрт цөөрч байна. Халуунаа хэмжүүлж, QR кодоо уншуулж байж нэвтрэх нэг ч хүн ч байхгүй боллоо.
15 дугаар хороололд байx нэгэн сүлжээ дэлгүүрт орвол автомат халуун хэмжигч ч алга. Үүдэнд нь жижигхэн ширээн дээр тавьсан гар ариутгагчийг нь /бараг дуусч байгаа/ тоож байгаа хүн даанч харагдсангүй. “Халуун хэмжигчээ яасан бэ?” гэж асуувал “Эврээд хураачихсан” гэдэг байгаа.
“Та бүхэн шаардлага тавихгүй бол орж ирсэн хүмүүс шууд л орно шүү дээ. Дотор нь халдвартай хүн ч байгаа” гэвэл “Харин тиймээ” гэхээс өөр үг хэлсэнгүй. Тэр дэлгүүрт хүн олон байлаа. Даанч касс нь ганцхан. Дэлгүүрт 15 минутаас дээш байж болохгүй гэдэг зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн. Ганцхан касс ажиллаж байхад хүний бөөгнөрөл үүсч, тэр хэрээр эрсдэл нэмэгдэнэ. Үүнийг бодолцох сөхөөтэй зохион байгуулагч тэр “супермаркетад” байхгүй бололтой. Худалдан авагчдын хувьд ч өөрсдөө ухамсараараа зайгаа барьж мэдэхгүй байгаа нь эмгэнэл. Гэхдээ тухайн аж ахуйн нэгжийн ажилтнууд шаардлага тавих ёстой. Энэ үүргээ огт биелүүлэхгүй байгаа нь халдварыг нэмэгдүүлэх том шалтгаан гэдгийг одоо болтол ойлгоогүй байна! Нэгэн жижиг хүнсний зах дотор мөн л амны хаалтгүй хүмүүс хүнс цуглуулаад явж байх юм. Насны хувьд 60 дөхөж байгаа эмэгтэй хүн шүү дээ. “Та олон нийтийн газар яагаад амны хаалтгүй явж байгаа юм бэ” гэж асуувал хүний үгийг тоож байгаа шинж алга! Тийм ухамсар дорой хүмүүсээс болоод худалдан авагч хайртай хүмүүстээ халдвар тээгээд харьж байна шүү дээ! Ариутгал, халдваргүйжүүлэлт, угаалга, цэвэрлэгээг цар тахлын үеийн дүрэм журамд нийцүүлэн хангаж чадахгүй байгаа дэндүү хариуцлагагүй, ухамсаргүй байдалд хариуцлага тооцоё!
Д.Дорж