Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын цол, Гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“…Монголын уламжлалт мал маллах арга ухаан, малч удмын өв соёлыг өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэхэд болон хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж Ховд аймгийн Дарви сумын малчин Рэнцэндоржийн Цэрэндоржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.
АРДЫН ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
- “Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын болон төр нийгмийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Бүдрагчаагийн Даш-Ёндонд Ардын багш цол,
- Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээл туурвин рок поп хөгжмийн урлагт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханд Ардын жүжигчин цолыг тус тус хүртээсүгэй” гэжээ.