УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр АНУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Ө.Батбаяртай холбогдуулж гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрбээр “Америкт суух Элчин сайдын томилгоон дээр би эргэлзэж байна. Манай ухаантай дарга нар эргэж бодох биз ээ. Орон тооны бус зөвлөхөөр гурван жил ажилласныгаа төрийн ажлын туршлагатай гэж байгаа бол тэгдэггүй юм. Монголын төрд тогтсон жишиг, жаяг дүрэм журмыг ингэж зөрчиж болохгүй ээ. Үсэг нь бууралтсан, маш их ажлын дадлага туршлагатай хүмүүс явах ёстой. Гэтэл гадаад хэлтэй гэх мэт ойр зуурын шалгуураар, мөн дарга дагаж далдганадаг палдигддаг жишгээр явна гэж байхгүй. Америкийн Нэгдсэн Улс шүү дээ. Тэр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нартаа хэлээрэй. Би дэмжиж чадахгүй” гэсэн бол гишүүн П.Анужин “Элчин сайд бол дутуу дулимаг эзэмшсэн ганц хоёр хэл, хүнтэй сайхан харилцдаг гэсэн шалгуураар шалгаад явуулчихдаг тийм алба биш ээ. Гишүүдийн хэлсэн саналыг тусгаж аваарай. Элчин сайдуудыг томилоод явуулдаг. Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй. Сураг сонсоход муухай мэдээтэйгээр Элчин сайдын яамдын үйл ажиллагааг дүгнэсээр цаг хугацааг элээсэн байна. Бид кноп дараад томилж болно. Гэхдээ очиж байгаа орноо хүндлэх хэрэгтэй. Бид юу бодох, тэд юу бодож угтах хоёр ялгаатай гэдгийг үгийнхээ төгсгөлд хэлье ” хэмээн байр сууриа илэрхийлэв.
С.Сүлд