Зээрдүүд овогт Дайнзангийн Долгор нь 1907 онд одоогийн Сүхбаатар аймгийн Асгат сум, хуучнаар Дарьганга хошууны нутагт Л.Дайнзангийн 5 дугаар охин болон төржээ.
Д.Долгор Дарьгангын адуун сүргийн тэргүүн Дугар /Ду ноён гэж алдаршсан/ ноёны зээ бөгөөд өвөө Лосол нь Бөөрийн сүмийн хийдийн номтой том лам байсан гэдэг. 5 настай байхад ээж Дуламсүрэн нь өвчний улмаас нас барж эцгийн гар дээр хүмүүжиж өссөн ба хар багаасаа зовлон үзэж амьдралын хатуу хөтүүг туулжээ. Хурга хариулж өссөн тэрбээр идэр насандаа сайн малчин болсон. 1933 онд Ю.Чимэдтэй гэр бүл болж малаа өсгөх, сүү цагаан идээ авах, бэлтгэх, аргал түлээгээ түүх, нүүх, буух зэргээс гадна эцгийн эрхт ёст Дарьгангын ёс заншлын дагуу гэрийн доторх үнэлэгддэггүй ажлыг амжуулж, нугалдаг гэрийн сайн эзэгтэй байжээ.
Д.Долгор 1 охин, 7 хүү төрүүлж, өсгөсөн Алдарт ээж. 8 хүүхдээ эрүүл чийрэг, эрдэм номтой болгож өсгөхийн тулд хар үүрээр босож өдөржингөө борив бохисхийлгүй ажилладаг байв. Төрүүлсэн 8 хүүхэд нь эрдэм номтой улс эх орондоо их зүйл бүтээсэн бүтээлч, хөдөлмөрч хүмүүс болсон юм.
Д.Долгорын 8 хүүхдээс 2 хүү нь эрдмийн зэрэг цолтой, доктор, профессор болцгоожээ. 1 охин, 4 хүү нь дээд боловсролтой. Хүү Ч.Батсүх нь Машин механизмын баазын Хөдөлмөрийн 3 удаагийн аварга, Улаанбаатар хотын Хүндэт тэмдэгтэн, МАХН-ын 17-р их хурлын төлөөлөгч, хүү Ч.Шагдар нь Анагаах ухааны их сургуулийн багш, Анагаах ухааны доктор, дэд професор, хүү Ч.Очирваань Нягтлан бодогч, эдийн засагч, охин Ч.Дарьсүрэн нь Статистикч, эдийн засагч юм. Одоо хамгийн том хүүхэд нь 84, бага нь 61 настай бөгөөд 30 гаруй ач, зээгээ тойруулан аз жаргалтай хөнгөхөн гялалзаж байна.
Д.Долгорыг залуу байхад нь хадам аав, ээж нь байнга магтан “Миний цагаан хүүхэн сайн явна” гэж нутгийн хүмүүстээ ярьдаг байсан гэдэг. Нөхөр Ю.Чимэд нь түр цэрэгт явж цэргээс халагдан ирээд багийн дарга, агент хийж гэрийн гаднах ажлыг амжуулахын зэрэгцээ малын арьс шир, түүхий эдийг боловсруулах, эсгий хийх ногт чөдөр, хазаар зангидах зэрэг ажлуудыг хийж чаддаг, дархан уран хүн байжээ. Ю.Чимэдийнх 2 азарга адуу, 30-аад үхэр, 20 гаруй тэмээ, 1000 гаруй хонь ямаатай болоод 1959 онд нэгдэлд элсэн, малаа нийгэмчилсэн байна.
Д.Долгор нь Сумо бөхийн Их аварга М.Анандын эмээ бөгөөд түүнийг цэцэрлэгт нь үүрч хүргэж авдаг байсныг дурсан ярьдаг. Д.Долгор нь одоо Улсын хэмжээнд амьдарч байгаа 100-гаас дээш настай 160 гаруй өндөр настнуудын дотор хамгийн өндөр настан болж 2020 онд Улсын бүртгэлийн газраас Монгол Улсын хамгийн өндөр настан “ГЭРЧИЛГЭЭГ” гардан авсан бөгөөд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд отгон хүү Санжийжалавынхаа ивээл асрамжинд энх тунх амьдарч байна.
Чингэлтэй дүүргийн ахмадын хороо