МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын дүгнэлтийг Дээд шүүх хянан хэлэлцэж эхэллээ.
Гэхдээ хуралдаан эхлэхээс өмнө Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм. Учир нь 2018 онд Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт ял оноосон Б.Цогт шүүгчийг өөрийнхөө шийдвэрийг дахин шүүх нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа аж.
Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг “Шүүгч Б.Цогт нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай гэр бүлийн харилцаатай найз шүү дээ. Тийм учир Б.Цогт шүүгчид ямар нэгэн байдлаар хувийн сонирхол байж болзошгүй гэж үзэж байгаа тул түүнээс татгалзаж байна” гэсэн юм.
Хохирогчийн дүү С.Оюуны өмгөөлөгч ч “Шүүгчээс татгалзах саналыг дэмжиж байна. Б.Цогт шүүгч өөрийнхөө шүүсэн хэргийг дахин шүүх нь буруу” гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа.