МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 100 хувийн саналаар дэмжсэн билээ. Улмаар Удирдах зөвлөлийн шийдвэрийг тус намын Бага хурал цахимаар хуралдаж баталгаажуулсан шийдвэр гаргалаа. Ийнхүү Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа өрсөлдөгчгүй нэр дэвшлээ. тэрбээр хэлсэн үгэндээ “Надад итгэл найдвар хүлээлгэж, өндөр хариуцлага үүрүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн Монгол ардын намын мянга мянган гишүүд дэмжигчид, намын Бага хурлын эрхэм журмын нөхөд та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Миний бие нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Бид нийгэмд шударга ёсыг тогтоох, сайн засаглалыг төлөвшүүлэх талаар олон жил ярьж, зохих ажлуудыг хийсэн боловч санасан хэмжээнд хүрч чадаагүй байна. Шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах учиртай. Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж, мөрөөдөж, бас шахаж шаардаж байна. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр.
Би парламентын танхимд шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэж нэгэнтээ хэлж байсан. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус, шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм. Ийм учраас хууль, шүүхийн шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд шилжүүлэн атгадаг, гэм зэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж хилс хэрэгт хэлмэгдүүлдэг, ард иргэдээ тамлан зовоодог, улс төр, эдийн засгийн зорилгоор хууль ёсыг завхруулдаг зэрэг өнөөгийн ёс бус үйлдлийг таслан зогсоож, зөвхөн хуульд захирагдан ажилладаг хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгохын төлөө хүчин зүтгэх болно.
Үүнээс л шударга ёс эхлэх учиртай.
Мөн Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх явдал шударга ёсны бас нэг зарчим юм. Сүүлийн жилүүдэд явуулсан шударга ёсны төлөөх тэмцлийн үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Багануур”, “Бор-Өндөр”, “Асгат”, “Салхит”, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён Уул” зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэр аж ахуйн газруудаа ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авлаа.
Үүний үр дүнд ахмад буурлуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тог цахилгаан, дулаан, уур, ус, хогны зардлыг төрөөс хариуцаж, сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, иргэн бүртээ 300 мянган төгрөгийн дэмжлэг олголоо. Энэ бүхэн цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ард иргэдийн маань амьдралд зохих тус нэмрээ үзүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн түүнчлэн ард түмний өмч хөрөнгө болох Тавантолгойн ордын ноогдол ашгийг иргэн бүрт хүртээх болсон нь Монгол хүн байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн болж байгаагийн эхлэл боллоо. Энэ бүхэн та бидний шударга ёсны төлөө хийсэн тэмцлийн үр дүн байлаа. Цаашид Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойн гэрээг шинэчлэн сайжруулж, Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө Төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно. Энэ ажлыг нэн даруй хийх нь Монгол Улсын эрх ашигт бүрнээ нийцнэ хэмээн үзэж байна.
Миний бие Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, Монгол хүн байгалийн баялагтаа эзэн байхын төлөө төр засаг, ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэх болно.
Эрхэм нөхөд өө,
Ард түмнээ талцуулж хагалдаг бус эв эеийг эрхэмлэн дээдэлдэг Ерөнхийлөгч байхын төлөө би нэр дэвшиж байна. Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын тулгуур багана бол үндэсний эв нэгдэл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалагч байх ёстой. Бид цөөхөн Монголчуудаа мууд уриалдаггүй, муухайд хутгадаггүй, үймээн самуун үхэл хагацал руу турхирдаггүй, талцуулан хуваадаггүй, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой. Монголчууд эвлэж нэгдсэн цагтаа ямагт сэргэн мандаж, эвдэрч бутарсан үедээ үргэлж уруудан доройтож ирснийг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн. Учир иймд ард түмнийхээ эв нэгдлийг ямагт сахин хамгаалж, Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн ардчилсан төрөө бэхжүүлж, парламентын засаглалыг улам төгөлдөржүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно. Энэ жил манай улсад Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхэт гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож байна. Тусгаар Монгол Улсаа байгуулахын төлөө тэмцсэн нэгэн зууны агуу түүхээ бид хамтдаа тэмдэглэж байна. Өнөөдөр Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ гээд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орны дийлэнхтэй нь стратегийн түншлэлтэй болоод байна. Мөн манай улс НҮБ-ын мандат дор 2002 оноос хойш 15 удаагийн энхийг сахиулах ажиллагаанд 18 мянга гаруй цэнхэр дуулгатан цэргүүдээ оролцуулсан нь Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжиж, гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Миний бие ард түмнийхээ итгэл найдварыг хүлээн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол НҮБ болон олон улсын яриа хэлэлцээний тавцанд Монгол Улсын нэр хүнд, оролцоог сэргээн бататгаж, стратегийн түнш орнууд болон гуравдагч хөршүүдтэйгээ үр өгөөжтэй найрсаг харилцааг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэхийн төлөө санал санаачилга гарган идэвхитэй ажиллана. Даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол хэмээн дангааршин оршихын үндэс нь бидний үүх түүх, өв соёл, хэл бичиг, зан заншил, нүүдэлчдийн соёл иргэншил юм. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, өв соёл, үүх түүхээ сурталчлан таниулж, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх, залуу хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно. Миний бие эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж, агуу түүх, өв соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулж, ард түмнийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн Төрийн тэргүүн байхын төлөө хичээн зүтгэх болно.
Эрхэм нөхөд өө,
Миний бие эхэлснээ дуусгаж, хэлснээ хэрэгжүүлэхийн төлөө нэр дэвшиж байна. Төрөлх сайхан Монгол эх орноо бусдаас хараат бус хүчирхэг эдийн засагтай, экспортлогч улс болгон хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах бодлогын эхлэл нь Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих явдал юм. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэсэн ардын сайхан үг бий. Сүүлийн жилүүдэд та бидний эхлүүлсэн Газрын тосны үйлдвэр, Гангийн үйлдвэр, Байгалийн хийн хоолой, Цэвэрлэх байгууламж, Саарал усны үйлдвэр, Сайжруулсан түлшний үйлдвэр, Шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, автозам, төмөр замын салбарт хийсэн томоохон бүтээн байгуулалтууд, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ улам эрчимжүүлж, үр дүнг нь үзэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулан, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг, аж үйлдвэржсэн экспортлогч орон болох зорилтоо бодит ажил хэрэг болгохын төлөө УИХ, Засгийн газрыг бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно. Дээрх зорилт бодлого хэрэгжсэнээр олон мянган хүн ажлын байртай болж, Монгол хүн ажилтай орлоготой, ирээдүйдээ итгэлтэй байх нөхцөл боломжийг бүрдүүлнэ хэмээн тооцож байна. Мөн улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал улам батжин бэхжиж, хүчирхэгжин хөгжих шинэ боломж, үндэс суурь тавигдах болно. Энэхүү том бүтээн байгуулалтын ажлыг ажил хэрэг болгоход манай улсын баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн маань уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаа нэн чухал билээ. Улс орны эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн бас нэгэн үндэс суурь нь байгаль дэлхий, уул усаа хайрлан хамгаалж, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах явдал гэдгийг байнга санаж, төрийн бодлогын цөм, түмэн олны үйл хэрэг болгох явдал чухал байна.
Монгол хүн бүрийн зүрх сэтгэл эх орныхоо сайн сайхны төлөө цохилж байдаг гэдэгт би бат итгэдэг. Монголчууд бидний дайсан болсон ажилгүйдэл, ядуурал, архидалт, хүчирхийлэл, гэмт хэрэг, авлигын эсрэг ард түмнээрээ хүчээ нэгтгэн хамтдаа тэмцэх зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг л бид төр засаг, ард түмнийхээ хамтын хүчээр ялан дийлж чадах аваас ард иргэд маань аз жаргалтай, сэтгэл хангалуун тэгш дүүрэн амьдрах боломжтой Шинэ Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэх болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улс орны бүрэн эрхт байдлыг хангах үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын зохистой тэнцвэрийг хангаж, үндэсний эв нэгдлийг дээдлэн, нийгмийн зөвшилцөл ойлголцолд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм. Төрийн тэргүүн нь Монголын ард түмний үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байхын зэрэгцээ Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Миний бие ард түмнийхээ итгэл найдварыг хүлээн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэхүү нэн хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй албыг нэр төртэй хашиж, эхэлснээ дуусгаж, хэлснээ хэрэгжүүлэн, төрийн хуулийг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө чинхүү сэтгэлийг барин чөмгөө дундартал хичээн зүтгэх болно гэдгээ та бүхэндээ илэрхийлье.
Буурал дээдсийн цог хийморь түшиж, Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай. Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.
Д.Лхагва