Гэнэтийн осол, эсвэл төрөхийн хүндрэл, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа болон бусад шаардлагатай эмчилгээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ хамгийн их байдаг. Гэхдээ Улаанбаатарын замын ачааллаас шалтгаалаад эмнэлгүүдэд захиалгатай цусыг хурдан шуурхай хүргэхэд хүндрэл үүсэх эрсдэл бий. Үүнийг шийдэх зорилгоор “Нарлаг Улаанбаатар Ротари” клуб Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран бичил нисдэг тэргийг /нисэгчгүй төхөөрөмж/-ийг ашиглан цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэх “REDrone” төслийг санаачилсан юм. Өнөөдөр уг өвөрмөц шинэ үйлчилгээний нээлт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд боллоо. Тус төвийн захирал, доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Одоогоос 3 жилийн өмнөөс мөрөөдөж байсан зүйл маань ажил хэрэг болж салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмлээ. Цус, цусан бүтээгдэхүүнийг нисэгчгүй нисэх төхөөрөмжөөр эмнэлгүүд үрүү зөөвөрлөх “ReDrone” төсөл анхны нислэгээ үйлдлээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд манлайлал санаачлагатай оролцсон “Нарлаг Улаанбаатар Ротари” клубын гишүүд, хамтран хэрэгжүүлсэн “Тамир”, “Улаанбаатар Ротари” клуб болон JCI capital байгууллагын хамт олон, гардан гүйцэтгэсэн инженерүүддээ ЦССҮТ-ийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ. Ийнхүү манай улсын анагаах ухааны салбарт нэгэн шинэ үйлчилгээ нэвтэрч, эрдэнэт хүний халуун амийг аврах үйлс шинэ шатаар ахилаа.
Д.Дорж