УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн билээ. Р.Амаржаргал энэ талаараа байр сууриа илэрхийлэхдээ “МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийг сонсоод маш их гайхсан. Үнэхээр энэ асуудлыг шийдье гэж чармайсан бол цагаа олоогүй үйлдэл. Өөрийнх нь нэр дэвших тухай асуудал яригдаж байхад МАН-ыг татан буулгая гэдэг асуудал гаргаад ирэхээр хүмүүс хүлээж авахгүй шүү дээ. Шантаажлаад байгаа ч юм шиг янз бүрээр ойлгогдоод байна. Намыг тараах алхам бол эрх зүйн хувьд асуудалтай. Дэмжлэг авах нь юу л бол доо? Захирамжийг зарлахдаа Монгол цэргийн холбооны талаар дурдаж байна билээ.
Энэ холбоог анх үүсгэн байгуулах үеийн баярын хуралд нь очиж суусан хүний нэг нь би. Би өөрөө бэлтгэл ахмад хүн. Уг арга хэмжээнд тэтгэвэртээ гараад чөлөөндөө суусан хүмүүс оролцож, Цэргийн холбоо байгуулъя гэсэн санал гаргасан юм. Энэ бол ганц манайд байгуулчихсан холбоо ч биш. Жишээлбэл, хойд хөршид цэргийн холбоо байдаг бол АНУ-д дайнд оролцож байснаараа ялгараад муж бүрт Цэргийн холбоо байгуулсан байдаг. Хамгийн сонирхолтой нь энэ холбооны баярын хурал дээр Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлсэн байдаг. “Маш зөв зүйтэй ажил хийж байна, сайхан зүйл санаачиллаа” гэж их ёслол төгөлдөр мэндчилгээ ирүүлж байлаа шүү дээ” гэгчлэн ярилаа.