Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргасантайгаа холбогдуулан өнөөдөр ард түмэндээ хандан илгээлт гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:
Монголчууд аа, ард иргэд ээ,
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд “төрийн эрх баригч Монгол ардын нам улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн, “төр төвт” тогтолцоог нэг намын дангаар ноёрхолт төрийн тогтолцоонд шилжүүлсэн, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангаж гагцхүү хуульд захирагдан ажиллах үүрэг, тангарагтай төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг, зорилго, үйл ажиллагааг дарамтлан гажуудуулсан, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтнуудыг Монгол ардын намын үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргасан, улмаар Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг сулруулсан, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн зүй бус үйл ажиллагааг явуулж, өөрийн намыг цэрэгжсэн бүтэцтэй болгон хэлбэржүүлж байгааг тогтоон, энэ намын үйл ажиллагааг даруй таслан зогсоох шаардлага үүссэнийг Та бүхэндээ хариуцлагатайгаар мэдэгдсэн.
Монгол ардын намын энэхүү хууль бус дарангуйлал нь төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулах, хараат бус байдлыг нь бүрэн алдагдуулах, цэрэгжсэн бүтцээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийх, санал хураалтыг будилуулах, санал худалдан авах ажлыг гүйцэтгэх зэрэг ноцтой нөхцөл үүсгэж буй бөгөөд энэ нь улс төрийн намын хэрхэвч хийж болохгүй хориотой үйл ажиллагаа юм.
Учир иймд, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон, Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Дээд шүүхэд хүргүүлэхээр захирамжилсан болно.
Монгол ардын намын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүйг ихэд хичээн явуулж байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаа Улс Монголынхоо төлөө зүтгэх миний цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй гэдгийг мөн онцлон дурдах байна. Нэр дэвших, дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм.
Монгол төрийн тэргүүний албыг хаших хувь тохиосныг би өөрийн үндэстэн, төрийн төлөө, хуулийн засаглалтай цэгц шударга нийгмийг цогцлоохын төлөө, улс орныхоо мандан бадралын төлөө ажиллах боломж хэмээн харж, өргөсөн тангаргаа үл умартан, үнэнчээр хэрэгжүүлж ирлээ. Миний бие Монгол Улсын Үндсэн хууль дээр гараа тавьж, ард түмэндээ өргөсөн тангаргийнхаа дагуу улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны хөгжил дэвшилд учирч буй саад, бэрхшээлийг арилгах, аюул заналыг зогсоох, мэргэшсэн чадварлаг төрийг төвхнүүлэх, ардчилсан төрийн дэглэмийг бэхжүүлэх, өрсөлдөөнт эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх, улсын баялгийг нийт ард иргэддээ тэгш, шударга хуваарилахын төлөө хичээн ажиллаж байна. Цаашид ч үл зогсох болно.
Ард иргэд ээ,
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмыг элдвээр мушгин, дур зоргын байдлаар тайлбарлаж, салбар хуулиудаараа зөрчин гажуудуулах явдал түгээмэл болсноор “ард түмний засаглах эрх алдагдаж, байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртэж зохистойгоор ашиглах бодлого алдарч, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах ёстой улс төрийн намууд ашиг сонирхлоор хэлхэлдсэн гэмт бүлэглэл мэт болон хувирч, иргэдийн сонгох эрх, саналыг худалдан авдаг, одоо бүр дээрэмдэн авдаг болох замаар төрийн өндөр албан тушаалд очдог, ингэж очсон албан тушаалаа хувийн шунахай зорилгодоо ашигладаг явдлыг энгийн үзэгдэл мэт болгон гааруулж, төрийн бодлого тодорхойлогчид ард түмний амьдрал, эрүүл мэндийг бодохоос илүүтэй сонгуульд чиглэсэн өчүүхэн эрх ашгийн хүрээнд явцуу зорилгоо гүйцэлдүүлэн ажилладаг болтлоо ялзран доройтоод байна.
Энэ завхралыг засах, цэгцлэн өөрчлөх зорилгыг эрхэмлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшилцлийн ажлын хэсгийг миний бие даргалж, манлайлан ажиллаж, өөрийн зүгээс Үндсэн хуульд:
- Уул уурхайн баялгийг нийт ард түмэнд тэгш, шударга, хамгийн гол нь шууд хүртээх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлэв;
- Гэмт үйлдэл хийсэн, ёс зүйгүй улс төрчдийг шүүх, прокурор, Авилгатай тэмцэх байгууллагын шийдвэр үйлдлээр барьцаалан төрийг удирдах замаар өөрийн оролцоог нэмэгдүүлдэг асан урьд өмнөх Ерөнхийлөгч нарын алдаанаас зайлсхийж, шүүхийн шинэтгэлийг дахин бодитойгоор эхлүүлэх боломжийг нээж Ерөнхийлөгч дангаараа томилдог байсан Шүүхийн Ерөнхий зөвлөлийг 10 гишүүнтэй, тал бүрийн оролцоотойгоор томилдог болгох эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлэх зэрэг ард түмний амьдрал, хувь заяанд эрс өөрчлөлт авч ирэх томоохон зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг танан хязгаарлахыг зөвшөөрч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжин баталгаажуулж, бодит үр дүнд хүргэсэн.
Харамсалтай нь, эрх баригч Монгол ардын нам Үндсэн хуулийн энэ эерэг өөрчлөлтийг ердийн хуулиудаар төгөлдөржүүлэн батжуулахын оронд төрийн эрх мэдлийг хуваарилсан Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж, намынхаа удирдах зөвлөлөөс авсан чиглэлээр хууль тогтоодог байдлыг үргэлжлүүлэн, ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг үгүйсгэх боллоо.
Үүгээр ч зогсохгүй, шүүх эрх мэдлийг намынхаа хяналт удирдлага, нөлөөнд авах, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүрэгтэй Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг алдагдуулж, Цэцийн гишүүдийг намынхаа илт нөлөөллөөр томилох, чөлөөлөх, үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх ажлыг ил тодоор, ичих эмээхгүйгээр хийж байна.
Монгол ардын нам нутгийн өөрөө удирдах ёсыг алдагдуулах, орон нутгийн иргэдийн эрхийг хураах, үндэсний аюулгүй байдалд бүрэн хамаарах авлигын гэмт хэргийг мөрдөн шалгаж хараат бусаар ажиллах үүрэг хүлээсэн төрийн тусгай байгууллага, Авлигатай тэмцэх газрын удирдлагын томилгоог намынхаа даргын мэдэлд шууд шилжүүлэх зэрэг увайгүй үйлдэл, ажиллагааг явуулах болсон. Тэд Монголын ард түмнийг өөрийн намын гишүүн-дэмжигч мөн, биш эсэхээр нь ялгаварлан төрийн үйлчилгээг ялгавартай хүргэх, намынхаа гишүүдэд гадаадад сурах тэтгэлгийг тусгайлан олгох зэрэг бусармаг бодлогыг эрээ цээргүй ил тодоор хэрэгжүүлж байгаа нь олон нийтэд тодорхой, ил болоод байна. Эдгээр нь Монгол ардын намыг тараах гол үндэслэл мөн гэдгийг иргэд Та бүхэнд дахин сонордуулж байна.
Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчид ээ,
Та бүхний эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо нэгтгэх, улс орныхоо төлөө зүтгэх үндсэн эрх, эрх чөлөөг миний бие гүнээ хүндэтгэн, талархан дэмжиж байна. Харин Та бүхний итгэл, дэмжлэг, сонголтод тулгуурлаж эрх мэдэлд хүрсэн цөөн хэдэн хүмүүс Та бүхний итгэл, үнэмшлийг завхруулж, төрийн эрх мэдлийг намын эрх мэдэл болгон хувиргаж, хуулийг ноцтойгоор зөрчих замаар Үндсэн хуульт тогтолцоог эвдэн, дангаар ноёрхлыг дархлахаар завдан байгааг таслан зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. Энэ бол Монголын ард түмнээс надад хуулиар хүлээлгэсэн үүрэг, мөн хариуцлага юм.
Монгол ардын намын жирийн гишүүд Та бүхэн улс орондоо тэгш хөгжил авчрах, Үндсэн хуульт ёсыг хамгаалан бэхжүүлэхийн тулд нэгдэж, улс төрийн үзэл санаа, үнэт зүйлээ дээдэлсэн, гишүүдийнхээ оролцоо, хяналтыг бүрэн хэрэгжүүлдэг орчин цагийн улс төрийн намыг дахин зохион байгуулах, сэргээн босгоход хүчээ нэгтгэх цаг иржээ.
Энэ бол Монгол ардын намын жирийн гишүүд, эрүүл хэсгийнхэнд түүхээр олгогдож байгаа хариуцлага, үүрэг юм шүү. Та бүхэн Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн замыг засаж, ардчиллын гажуудлыг арилган шулуутгах түүхэн үйл явцыг бүтээгчид гэдэгтээ итгэл төгс байж, Монгол ардын намыг тараах миний шийдвэрийг хүндээр хүлээж авахгүй байхыг Та бүхэнд уриалж байна.
Монгол ардын намыг тарааснаар хэдхэн бусармаг удирдагчдын дангаар, хязгааргүй ноёрхлын “чөтгөрийн тойрог”, “аалзны тор” гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс, эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсэй гэж Та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Та бүхний өмнө шинэ, шударга, ардчилсан, гишүүдийнхээ болон ард түмний эрх ашгийг дээдэлсэн шинэ намыг эмхлэн байгуулах өргөн боломж, хэтийн төлөв нээгдэж байна.
Сайтар тунгааж, санаж хичээгээрэй.
Ард түмний төр барих эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа, Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ,
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд ээ,
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, нийт шүүгчид ээ,
Монгол Улсын төрийн нийт албан хаагчид аа,
Би Монгол Улсын төрийн тэргүүний хувьд Та бүхнийг, Монгол төрд зүтгэж байгаа хүн бүрийг төрийн дээр, хуулийн дээр заларч “хаанчилж” байгаа Монгол ардын намын удирдлагын дарангуйллаас ангижруулахыг зорилоо.
Үндсэн хуулиа дээдлэн сахиж хамгаалах, гагцхүү хуульд захирагдан ажиллах боломжийг бүрэн олгохоор зорилоо.
Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргээ нийт ард түмний өмнө нэр төртэйгөөр гүйцэтгэх эрхэм үйл хэргийн чинь үүдийг нээж өгөхийг зорилоо.
Та бүхнийг эрх баригч намын хууль бус дарамт шахалтыг эсэргүүцэх, хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзах, хуулиар хамгаалуулж, хуулийнхаа дагуу ажиллах эрх, эрх чөлөөнд уриалан дуудлаа.
Хууль Та бүхнийг намын заналхийлэл, хяналт, дарамтаас бүрэн хамгаална. Итгэж сонгосон, томилсон монгол түмнийхээ эрх ашгийг Монгол ардын намын эрх ашгаас дээгүүрт өргөөрэй.
Тангаргаа сахиж, ард түмэндээ үйлчлэх үүргээ сайтар тунгааж, үр хүүхэд, ирээдүй хойчсынхоо өмнө нүүр бардам, нэр төртэй байх эрхээ санаж хичээгээрэй.
Эрх баригчид аа, Монгол ардын намын эрх мэдэлтнүүд ээ,
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд, өөрийн эрхэлсэн ажил, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Монгол ардын намыг тараах хуулиар тогтоосон нөхцөл, шаардлага бүрэн бүрдсэнийг тогтоосноо ийнхүү дахин нотолж, зарлаж байна.
Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “улс төрийн намыг тараах нөхцөлүүдийг нэг бүрчлэн зааж, тийм нөхцөлд, ийм байдалд шилжин орсон намыг Улсын дээд шүүх тараах үүрэгтэй байх”-аар хуульчилсныг дахин сануулъя.
Монгол Ардын нам улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж ирснийг, явуулж байгааг надаас өмнө зарим иргэн, улс төрийн нам Улсын дээд шүүхэд мэдэгдэж, тараах шийдвэр гаргахыг удаа дараа хүсэж байжээ. Гэвч Улсын дээд шүүх нотлогдохгүй байна гэх үндэслэлээр тухай бүр нь буцаасан байна.
Өнөөдөр, төрийн эрх мэдлийг булааж, эзэрхийлсэн Монгол ардын намыг Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг илэрхий зөрчсөн, зүй бус үйл ажиллагаа явуулж байгааг нотлох чадамж хэнд байна вэ?
Ийм бурангуй нөхцөл байдалд Монголын ард түмнийг, Үндсэн хуулийг хэн хамгаалах вэ?
Эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг хэн хангаж өгөх вэ?
Энэ бол Монголын нийт ард түмнээс мандат авч сонгогдсон, тэднийг төлөөлж байгаа, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахиулан хамгаалах үүрэгтний хувьд надад оноогдож буй түүхэн үүрэг, зайлах аргагүй хариуцлага гэж үзэж байна. Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн. Монгол ардын намыг хуулийн дагуу тараах нь хуулийг дээдэлж байгаа үйлдэл, өргөсөн тангаргаа сахиж байгаа ариун хэрэг мөн.
Ард иргэд ээ,
Би Та бүхнийхээ ардчилсан ёсыг бэхжүүлж, шударга ёсыг тогтоохоор хүсэмжлэн өгсөн үүрэг, даалгаврыг мартаагүй ээ.
Монгол Улсын төрийн алба Монгол Ардын намын дарлалд ороогүй, эрхшээл нөлөөнд нь автаагүй бол Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага болон бусад тусгай албад үүнийг хариуцаж, улс төрийн намын хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг нэг бүрээр нь шалгаж, тогтоох учиртай. Өнгөрсөн хугацаанд Монгол ардын намын зүгээс явуулсан дарагдах аргагүй, далдлах боломжгүй хууль бус, гэмт үйлдлүүд чамлахааргүй нотлогдсоныг, мөн нотолсон хэдий ч хариуцлага хүлээлгэх, шийтгэл ногдуулах ажиллагаа нь өнөөх намын эрхшээл, нөлөөллөөр саармагжин, саатаж байгааг дурдах нь зүйтэй.
Чухам иймийн учир би Төрийн тэргүүний хувьд, ард түмнийхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, улс үндэстнийхээ аюулгүй байдлыг хангах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийхээ хувьд Монгол ардын намыг тараах нөхцөл бүрэн бүрдсэнийг тогтоон, Улсын дээд шүүхэд хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа юм.
Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын дээд шүүхэд харьяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа гэдгийг онцгойлон анхааруулъя. Төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, хуулийн хугацаандаа зохих шийдвэрийг гаргана гэж найдаж байна.
Монгол Ардын намыг тараах шийдвэр гаргах Улсын дээд шүүхийн үүргийг Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг эрс хатуу сануулж байна.
Ард иргэд ээ,
Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд шууд халдан заналхийлэх, илэрхий үгүйсгэх хандлага, маргаан дэлхий дахинд байхгүй.
Харин бидний дотоод асуудал, үүний дотор ард түмний өмч болсон байгалийн баялгийг эрх мэдэл, авлига, ашиг сонирхлоороо сүлбэлдэж, намаараа холбогдсон гэмт бүлэглэл хууль бусаар эзэмшдэг, худалддаг, үр өгөөжийг нь цөөхүүлээ шимэгчлэн хүртдэг, албан тушаалын эрх мэдлийг хувийн шунахай зорилгодоо ашигладаг, худалддаг, авлигыг өөгшүүлдэг, татвар төлөгчдийн мөнгийг бүлэглэн зувчуулдаг, эрх мэдлээ хадгалах, үргэлжлүүлэх явцуу зорилгоор үрэн таран хийдэг, иргэдийн боломж, нийтийн өмч хөрөнгийг хулгайлдаг, оффшор бүсэд гаргаж нуудаг зэрэг бусармаг явдал, үүнийг дэвэргэн өдөөдөг гадаад, дотоодын зүй бус нөлөөлөл л бидний зовлонгийн үүдийг нээж, улс орон минь сулран доройтохын үндэс болж байна.
Энэхүү алдаа, завхралын эх уурхай, үндэс болсон Монгол ардын намыг тарааж, олон намт ардчилсан тогтолцоогоо баталгаажуулж, өргөн олныг хязгааргүй дарлах гэсэн адал балмад ажиллагааг таслан зогсоож, Үндсэн хуульт ёсоо бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилал, хөгжлийн замналаа өнөөдрөөс эрчимжүүлье.
Монгол Улс өнөөдөр улс төр, эдийн засаг, нийгмийн болон оюун санааны гүн гүнзгий хямралд орсны гол буруутан нь Монгол ардын нам мөн.
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 29 жилийн 21 жилд нь Монгол ардын нам дангаар төрийн эрхийг барьж, төрийн байгууллагуудыг удирджээ. Үр дүн нь улсын өнөөгийн байдал, таны ахуй амьдрал, эрүүл мэнд юм. Монгол ардын нам үүнийг хэнтэй ч хуваалцах, буруугаа бусад руу чихэх эрхгүй!
Улс төрийн намын тухай хуульд намыг тараах 8 үндэслэл бий. Би нэг бүрчлэн хэлье:
- Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах хэмжээний үйл ажиллагаа явуулсан бол;
- Үндэсний эв нэгдлийг задлан бутаргах хэмжээний үйл ажиллагаа явуулсан бол;
- Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах хэмжээний үйл ажиллагаа явуулсан бол;
- Хүч түрэмгийлэх арга байдалд шилжсэн, ажилласан бол;
- Яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа явуулсан бол;
- Бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны намын хэлбэрт шилжсэн бол;
- Цэргийн болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн бол;
- Фашист намын хэлбэрт шилжсэн бол улс төрийн намыг тараана.
Эдгээр нөхцөл, үндэслэлийн аль нэгэнд нь хамаарах үйл ажиллагааг явуулсан, тэр нь нотлогдсон л бол улс төрийн намыг шууд тараах ёстой. Монгол ардын нам эдгээр болзлын ихэнхийг шууд болон шууд бусаар хангаж, туйлын ноцтой үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа нь бүрэн тогтоогдож байна. Тухайлбал:
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдалд халдаж, Үндсэн хуулийн цэцээр Үндсэн хууль зөрчүүлсэн шийдвэр гаргуулж байгаа нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах хэмжээний хүч түрэмгийлсэн, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн үйл ажиллагаа юм. Улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөг гагцхүү Үндсэн хууль л хамгаалж байдаг гэдгийг мартаж болохгүй.
- Монгол ардын намын даргын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж чадахаа болилоо. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг хэлэлцэн дүгнэхээр удаа дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй байдалд хүрсэн. Монгол ардын намын шийдвэрээр Монгол Улсын Засгийн газар тодорхой үндэслэлгүйгээр 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр нэг өдрийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Монгол ардын намын удирдах зөвлөлийн шийдвэр, даалгавраар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь зүй бус шийдвэр гаргаж ард түмний төрийн эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж байгаа зэрэг нь үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагаа мөн.
- Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж байгаа нь Монгол ардын нам цэрэгжсэн үйл ажиллагаа явуулж байгааг бүрэн нотолно. Ардчилсан нам сонгуульд ялсан аймгуудын Засаг дарга нарыг энэ холбоондоо нэгтгээгүй нь энэ байгууллага зөвхөн Монгол ардын намыг дагаж ажилладаг, түүний цэрэгжсэн бүтэц, салшгүй хэсэг нь гэдгийн давхар нотолгоо. Цаашид энэ нам, бүтцээр дамжуулан улс төрийн болон цэргийн үйл ажиллагаа явуулах эрсдэл ч тулгарч байгаа юм.
- Монгол ардын намын удирдлага төрийн албыг үнэлэн, 60 тэрбум төгрөгөөр худалдах төлөвлөгөө гарган хэрэгжүүлсэн, сонгуулийн зардлыг санхүүжүүлсэн гэмт хэрэг нь тогтоогдож, шүүхээр шийтгүүлсэн.
- Удаа дараагийн парламентын сонгуулийн дүнг төрийн механизмыг ашиглан будлиантуулж үүний үр дагаварт, тус намын даргын оролцоотойгоор 2008 оны 7 сарын 1-ний цуст үймээн гарч эрдэнэт хүмүүсийн амь насыг тухайн үеийн төр засгийг удирдаж байсан Монгол ардын намын удирдлагууд, тухайлбал онц байдлыг гардан удирдах үүрэг авсан Хууль зүйн сайдын тушаалаар буудан хороосон үйл явдал монголчууд бид мартах учиргүй.
- Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрыг огцруулах, намын даргыг солих саналыг дэмжих “төлбөр” болгож хуваарилсан. Тус намын гишүүн, нэр бүхий олон хүн хууль бусаар зээл авсан, зориулалт бусаар ашигласан нь нотлогдож шүүхээр шийтгүүлж, ял эдэлж байна. Ерөөсөө, Монгол ардын намын харьяалалгүйгээр төсвийн хөрөнгө оруулалтаас бүрддэг аливаа тендер, нэр бүхий олон сангаас зээл, дэмжлэг авах боломж жирийн ардад хэзээ ч олддоггүй нь нууц биш болсон байна.
- Цар тахлыг улс төрийн зорилго, сонгуульд ялах гэсэн өчүүхэн зорилгодоо ашиглаж Монголын ард түмний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж, өнөөдрийг хүртэл үргэлжүүлж байгаа нь Монгол ардын нам ямар дэглэм тогтоож, ямар дэглэмээр ажиллаж байгаагийн тод илрэл болж байна. Удаа дараа хэлж сануулсаар байхад цар тахлын эсрэг вакциныг худалдан авах эх үүсвэрийг улсын төсөвт санаатайгаар суулгаагүй, гадаадын хандивлагч улсууд, олон улсын байгууллагуудаас цар тахалтай тэмцэхэд зориулж Монголын ард түмэнд хандивласан олон зуун сая долларын хөрөнгийг үрэн таран хийж, өнөөдрийг хүртэл зарцуулалтыг нь тайлагнаагүй, цар тахлын нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлсээр байгаа нь миний үгийн үнэнийг Та бүхэнд гэрчилнэ.
Монгол Ардын намын үйл ажиллагаатай шууд холбоотой эдгээр үйлдэл, үйл ажиллагааны баримтыг би Монголын ард түмэнд нээлттэйгээр дэлгэн танилцуулж, Улсын Дээд шүүхэд хүргүүлэх болно.
Монголчууд мөнх төрийнхөө дээр улс төрийн намыг залах учиргүй. Үүний тулд нийтээрээ нэгдэн нягтрах, Монгол төрөө хамгаалах цаг иржээ. Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна. Мөнх тэнгэрийн ивээл дор ахуй төр минь бүү алдраг! Монгол Улс, монгол үндэстэн мөнхөд оршиж, Монголын ардчилал ашид мандан бадрах болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа” гэжээ.