Өнөөдөр өглөө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санто смарт апартмент” орон сууцны 16 дугаар давхарт гал гарлаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар уг орон сууцны 16 давхрын агааржуулалтын хоолойд хог шатсаны улмаас гал гарсан аж. Хамгийн харамсалтай нь орон сууцанд гал гарах тохиолдол өмнө нь ч олон гарч байсан, цаашдаа ч эрсдэл хэвээр байх нь ойлгомжтой! Галын аюулын нэлээдгүй нь тамхины замбараагүй хэрэглээнээс болж байгаа нь нууц биш. Орон сууцанд Тамхины хяналтын тухай хуулийг хатуу хэрэгжүүлье! Амиа бодсон, бүдүүлгийн туйл тамхичидтай хатуу тэмцье!
20 дөнгөж л гарч яваа залуухан эмэгтэй орцонд тамхи татан зогсоно. “Энд тамхи татах хориотойг мэдэхгүй юү?” гэж асуувал “Миний хаана тамхи татах танд хамаагүй” гэж хэгжүүрхэв. “Нийтийн орон сууцанд тамхи татахыг хуулиар хориглосон. Энд чинь нялх, нярай хүүхдүүд амьдарч байгааг яагаад ойлгодоггүй юм бэ?” гэвэл “Сүртэй ш дээ” гэж их л дургүйцэв. Орцонд бяцхан уушиг төлжиж байгаа гэдгийг ойлгох ухамсар тэр хүүхэнд даанч алга. Өөрөө тамхи татдаггүй ч дам тамхидалтад байнга өртөх нь эрүүл мэндэд дэндүү хор хохиролтой гэдгийг тамхичид огтхон ч тоодоггүй нь хүн чанарын хомсдлын нэгэн тод жишээ юм даа.
Тамхины хяналтын тухай хуулийн 9,1,8-д “Орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг хориглоно” гэж заасан байдаг. Хэрвээ хуулийн энэ заалтыг зөрчвөл тухайн иргэнийг 50000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж байгаа. Харамсалтай нь хуулийн энэ заалт орон сууцанд огт хэрэгжихгүй байна. Хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй хүмүүс орцыг үнэхээр гамшиг болгож бусад хүмүүсийн эрүүл орчинд амьдрах эрхэнд ноцтой хохирол учруулж байна! Хамгийн аюултай нь нийтийн орон сууцанд тамхи татсанаар бусдын эрүүл мэнд ноцтой хохироод зогсохгүй гал түймрийн аюул гарах эрсдэлтэй! Тамхичны унтраалгүй хаясан ганц ширхэг тамхи ямар их уршиг тарихыг бүх шатандаа анхаарч, хатуу тэмцэх цаг болжээ. Хууль хяналтын байгууллага орцонд тамхидах хэрэг зөрчилтэй хайр найргүй тэмцэж, Тамхины хяналтын тухай хуулийг хатуу сахиулан, хэрэгжүүлье!
Д.Лхагва