АН-ын даргыг сонгох сонгууль 2021 оны 3 дугаар сарын 28-нд нийт гишүүдийнх нь хүрээнд болж өндөрлөсөн. Уг нь АН гэдэг улстөрийн субьектийн хувьд нэг л хүн даргаар нь сонгогдох ёстой. Гэтэл хоёр хүн тодров. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат С.Эрдэнийн талаас намын даргаар сонгогдсон бол Ц.Тувааны талаас зохион байгуулсан сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл (ТЭСО) ялалт байгууллаа. М.Тулгат дөрөв, О.Цогтгэрэл гурван хүнтэй өрсөлдсөн. Бүр цаад эх сурвалжийг нь харвал Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэдэг хоёр хүний хооронд энэхүү өрсөлдөөн өрнөж тус тусдаа ялалт байгуулсан гэхэд болно. УИХ-ын гишүүн Ц.Тувааны (Х.Баттулга) талын О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа нарын мэтгэлцээн телевизийн суваг болгоноор шахам хэдэн орой гарсан ч, нөгөө талд нь С.Эрдэнэ /Ц.Элбэгдорж/-ийн намын М.Тулгат, Л.Гүндалай, Ч.Өнөрбаяр, Ц.Оюунгэрэл, Ц.Уртнасан нарын таван өөр хүн бас өрсөлдөж байлаа.
2020 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын дарга С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж намын даргын тамгаа Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Гэхдээ мань эр өнгөрөгч намраас эхлээд “Би намын даргаа бүр өгөөгүй, түр өгсөн юмаа. Одоо Ц.Тувааны үүрэг гүйцэтгэгчийн хугацаа дууссан учир би буцаад намын дарга болох ёстой” гэж барин тавин зүтгэж эхэлсэн юм. Бүр тамга тэмдэг шинээр хийлгэж, Дээд шүүхэд хүртэл хандаж Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс хасч, өөрийгөө бүртгэхийг тулгаж үзсэн гээч.
С.Эрдэнэ 2020 оны 12 дугаар сарын 25-нд Улсын дээд шүүхэд “АН-аас Улстөрийн намын тухай хуулийн 21.2 дахь хэсгийг баримтлан Улсын дээд шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн АН-ын 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд зохион байгуулсан гэх Их хурлын тэмдэглэл, шийдвэр зэргийг буцаан татах хүсэлт гаргаж байна. Улсын дээд шүүхэд хүргүүлсэн 10 дугаар Их хурлын бичиг баримтуудад АН-ыг төлөөлөн дарагдсан тамга хүчингүй болсон, төлөөлөх эрх бүхий хууль ёсны этгээдийн гарын үсэг зурагдаагүй зэрэг танай байгууллага хүлээн авч шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр АН-аас хүргүүлсэн баримтуудыг дутагдалгүй бүтнээр нь хуульд нийцүүлэн буцаан ирүүлнэ үү. АН-ын дарга С.Эрдэнэ” гэсэн албан бичиг илгээж билээ. Хариуд нь Ц.Туваан ч мөчөөгөө өгөөгүй, “С.Эрдэнэ бол намын дарга биш. Харин би бол хууль ёсны намын даргын үүрэг гүйцэтгэгч” гэж зарлаад С.Эрдэнийгээ АН-ас хөөх шийдвэр гаргадаг байгаа. Нэг нэгнийгээ улаан цайм мурина гэдэг л энэ байх. Харин Дээд шүүхийн шийдвэр энэ хоёр хүний хэнийх нь ч талд гараагүй.
Улсын Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй үндэслэлээр Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх боломжгүй. Мөн цахим бүртгэлд С.Эрдэнийн АН-ын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, тус тус бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Энэ маргаан эцэслээгүй байхад АН-ын даргыг сонгох сонгууль гэгч үйл явц цаасан болон цахим хэлбэрээр хоёр өөр агуулгатай өрнөж өндөрлөлөө. Мэдээж АН дотроо даргынхаа асуудал дээр нэгдмэл байр суурьтай болж амжаагүй байхад сонгууль явуулсан нь бас л ойлгомжгүй, тодорхойгүй байдалд хүргэчихлээ. Хорвоод хоёр наp байдаггүй шиг хоёр толгойтой нам гэж байх учиргүй. АН-ын хувьд хэнийгээ даргаар хүлээн зөвшөөрөх вэ, хэн нь буулт хийх вэ гэдэг хүндхэн сорилттой тулгарсан нь бодитой учраад буй зовлон. Хэдийгээр С.Эрдэнийн АН М.Тулгатыг намынхаа даргаар хүлээн зөвшөөрч, тамга тэмдгийг нь гардуулсан боловч Ц.Тувааны талын О.Цогтгэрэл бас л сонгуульд олонхийн санал авсан хүн. Дүн гарсны дараа АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “О.Цогтгэрэл бол АН-ын зүй ёсны дарга” гэж мэдэгдсэн. Тэгэхээр О.Цогтгэрэлийн талынхан тийм ч амархан бууж өгөхгүй л болов уу. “Би намын даргын сонгуульд ялалт байгуулсан хууль ёсны дарга” гээд зүтгэх нь бараг л ойлгомжтой. Шинээр сонгогдсон хоёр “дарга” нь урьдын адил тамга тэмдгээ булаацалдсаар байтал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл явц хаяанд тулна. Тэр үед харин хэн хүчтэй нь Ардчилсан Нам гэсэн нэрийг өмчлөх эрхтэй болж, задрал хуваагдал жинхэнэ утгаараа биеллээ олох биз ээ.
Өнгөн дээрээ АН-ын хуваагдал С.Эрдэнэ, Ц.Туваан нар дээр харагдаж байгаач цаад эзэд нь хэн бэ гэдгийг улстөрийн хүрээнийхнээс гадна эгэл жиргийн иргэд ч анзаардаг, гадарладаг болоод байна. АН-ын үл ойлголцол, эвдрэлцэл маргаан, хүч тарамдсан байдлын буруутан нь Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар гэж Х.Баттулга үзэж тэдний эсрэг нэлээд өргөн далайцтай кампанит ажил өрнүүлсэн. Бүр эртнээс төлөвлөсөн шиг байгаа юм. Тэгвэл АН-ын даргыг сонгох сонгууль хоёр хувилбартай болохоос ердөө гуравхан хоногийн өмнө буюу өнгөрөгч 3 дугаар сарын 25-нд өөрийгөө АН-ын дарга хэмээн тодотгож байсан С.Эрдэнэ сэтгүүлчдийг цуглуулж байгаад уур уцаартайхан мэдээлэл хийснийг хүмүүс мартаж амжаагүй. Үнэндээ тийм амархан мартах ч үгүй болов уу. Яагаад гэвэл С.Эрдэнэ зүгээр нэг сүржин даржин мэдэгдэл биш Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой ноцтой гэмээр асуудал сөхсөн болохоор тэр л дээ.
Тэрбээр “Би өнөөдөр хариуцлагатай мэдэгдэл хийе гэж дөрөв дэх засаглалынхныг урьсан юм. АН-ын зөрчил маргаан, хуваагдлын эх үүсвэр хаана байна вэ гэдэг асуудлаар миний бие өмнө нь байр сууриа илэрхийлж байгаагүй. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн гүтгэлэгт тайлбар хийгээгүй. Өнөөдөр би энэ асуудалд цэг тавьж холбогдох гол нотлох баримтуудыг гаргаж тавьж, олон түмэнд нээлттэй мэдээлэл хийе гэж бодлоо. Монголд хууль шүүх, прокурорын байгууллагаар улстөрчдийг дарамталдаг, айлгадаг, тэднийг нөгөө яриад байдаг хонгилоороо чирдэг үйл явц өнөөдрийг хүртэл үргэлжиж байна. Би өөрөө хонгилоор чирүүлж байгаа хүний нэг. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас эхлээд Ерөнхийлөгч Х.Баттулга, бид хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Намын цаашдын байр суурь, үйл ажиллагаан дээр нэгдмэл байх бололцоо үүсээгүй. Сонгогдсон өдрөөс эхлээд өнөөгийн Ерөнхийлөгч улс орны эрх ашгаас илүү өөрийн амин хувийн болон бүлэглэлийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан алхамуудыг хийж эхэлсэн. Үүнээс болоод бид хоёрын хооронд зөрчил үүсч эхэлсэн. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга гэдэг хүнийг АН бүх талаар дэмжсэн. Энэ хүний төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан. Үүний үр дүн гарч Х.Баттулга сонгуульд ялсан. Харамсалтай нь Төрийн тэргүүнээр сонгогдсон тэр мөчөөсөө эхлээд өөрийг нь дэвшүүлж төрийн өндөрлөгт хүргэсэн АН, түүний мянга мянган гишүүдийн итгэл найдварыг уландаа гишгэж эхэлсэн” гэх зэргээр авч өгдөг байгаа. С.Эрдэнийн энэ мэт ярианаас үзвэл Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо ердөө маргаашаас нь эхлэн АН-ын тухайн үеийн удирдлагуудаас зайгаа барьж эхэлсэн бөгөөд энэ нь өөрөө АН-ын бодлого, жанжин шугамыг атгах хүсэл шуналаас нь улбаатай алхам. Үүнд нь АН-ын нөлөө бүхий зүтгэлтнүүд, улмаар АН-ын нэр хүнд золиослогдсон гэдэг санаа маш тод цухалзаж байгаа юм.
С.Эрдэнэ дээрх мэдэгдлийнхээ үеэр мөн “Өнөөдөр АН-д үүсээд байгаа хагарлын нууц ноёнтон бол Ерөнхийлөгч Х.Баттулга. АН-ын даргын хууль бус дотоод сонгуулийн хороог зохион байгуулж, бөөнөөр нь Баянгол буудалдаа аваачин хооллож, архидуулж, мөнгө хахууль өгсөн. Хүмүүсийн тархийг буруу тийш нь эргүүлж зохион байгуулалттай ажиллуулж байгаа хүмүүс бол Х.Баттулга, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарын төрийн хутгуурууд. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацаандаа ард түмэнд хэрэгтэй нэг ч зүйл хийгээгүй. Тэр хэнтэй тэврэлдэж, хэнтэй хуйвалдаж, хэний гар хөл болж ажилласан нь илэрхий болсон асуудал. Би У.Хүрэлсүхэд баярлаж байгаа. Яагаад гэвэл тэр бодит үнэнийг хэлсэн. Монголын төрд бугшааж байгаа бодит үнэнийг хэлээд Засгийн газрын тэргүүнээсээ буусан” гэж одоогийн Ерөнхийлөгчийг буруутгасан. Үүнээс үзвэл нэгэн цагт Ардчилсан Нам гэдэг улстөрийн хүчний дээвэр дор хамтран зүтгэж ирсэн хүмүүс том эрх ашиг, амбицдаа дийлджээ. Өнөөдрийн байдлаар л лав эвлэрэхэд хэцүү, бүр боломжгүй ч гэмээр дүр зураг илүү тод харагдаж байна. Хэрвээ Дээд шүүх М.Тулгатыг АН-ын хууль ёсны дарга гэж хүлээж зөвшөөрөх юм бол Х.Баттулга АН-аас шууд дахин нэр дэвших боломж нэг л олигтой харагдаж өгөхгүй байна. АН-ын дарга болсон гэгдэж буй М.Тулгат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэх нь нэн яаралтай хийх ажлын нэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэнэ” гэсэн заалттай. Мөн манай намын дүрэмд нийт гишүүд дундаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна. Энэ хоёр заалтын дагуу нэр дэвшүүлэлт явагдана” гэж ярьсан байна. АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү ч “Одоогийн Ерөнхийлөгчид дахин нэр дэвших сонирхол байгааг үгүйсгэхгүй. Хэрэв тэгвэл өрсөлдөөнд орох ёстой” гэж ярьсан удаатай. Энэ бол О.Баасанхүүгийн бодол биш С.Эрдэнийг тойрсон удирдлагын багийн байр суурь гэдэг нь ойлгомжтой асуудал. Одоо тэгэхээр Х.Баттулгын тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж, өрсөлдөхийн тулд ямар бодлого барьж байгааг, ямар алхам хийхийг харах л үлдлээ. Лав л түүнийг луйварчин, хонгилчин гэж цоллож байгаа АН-ын эрхмүүд нь хаалт тавьж, хана хэрэм босгох нь мэдээж. 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, хоёргүй сэтгэлээр дэмжин Төрийн тэргүүнд залсандаа харамсаж, хоног тоолж байгаа хүмүүс шүү дээ.
Д.Лхагвадорж