Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тушаалаар НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдорж, ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат нарыг албан тушаалаас нь чөлөөлж, тэдний оронд үүрэг гүйцэтгэгчийг томилжээ. Улмаар Ш.Нямдоржийн прокурорын ажил эрхлэхийг нь түдгэлзүүлсэн байна. Харин Ц.Насанбатыг Баянзүрх дүүргийн прокурорын газарт хяналт шалгалт хариуцсан ахлах прокурор болгожээ. Тэдний оронд НПГ-ын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Д.Баянжаргал, орлогч прокуророор Ч.Энхжаргал нарыг томилсон гэнэ.
Тэднийг уржигдар орой гэнэт өөрчилсөн нь нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудын мөнгө авсан гэх баримт дэлгэгдсэн, АН-ын дарга С.Эрдэнэд холбогдох хэргийг шалгаж буй зэрэгтэй холбоотой гэх мэдээлэл цацагдах болов. Юутай ч дээрх албан тушаалтнуудыг ийнхүү өөрчилсөн нь өмгөөлөгч Б.Баасанцогтын бусдад хахууль өгсөн байж болзошгүй гэх хэрэгт нөлөөлж болзошгүй гэсэн хардлагатай холбоотой бололтой.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Б.Баасанцогтын данснаас шүүгч, цагдаагийн байгууллагын ажилтнууд руу их, бага хэмжээгээр мөнгө шилжүүлсэн үйлдэл хээл хахуулийн шинжтэй, эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэг байдлаар нөлөөлсөн, үгүйг шалгаж эхлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа юм.
Г.Равжаа. Эх сурвалж: “Өнөөдөр” сонин