Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр АТГ-ын үүдэн дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгч Х.Баттулга болон хонгилын шүүгч нар улсад 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа тул АТГ-т хандаж байгаагаа мэдэгдэж байна. Тухайн үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар Х.Баттулга, дэд сайдаар А.Гансүх ажиллаж байхдаа улсад 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Би өнөөдөр энэ хонгилын шүүгч, прокурорыг зарлах гэж байна. Өөрт байгаа баримтаа танилцуулая” гээд “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 276 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Энержи ресурс” гэдэг компани улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр өөрийн хөрөнгөөр хийх гэрээ байгуулаад байсан. Гэтэл 2012 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар Х.Баттулга, дэд сайдаар А.Гансүх нар томилогдсон даруйдаа “Энержи ресурс”-ийн гэрээг цуцалж “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн. Энд мөчөөс л Х.Баттулга, А.Гансүх нар хулгай луйврын ажлаа эхлүүлсэн. 2013 оны тавдугаар сарын 06-ы өдөр А.Гансүх бүр дэвшиж Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болсон. Энэ үед Х.Баттулга өөрийн итгэлт хүмүүсээ яамныхаа эрх мэдэл бүхий албан тушаалд томилоод багаа бэхжүүлж амжсан байсан” гэгчлэн өгүүллээ. Л.Наранбаатар цааш нь өгүүлэхдээ “А.Гансүхэд 2015 онд хэрэг нээсэн ч шүүгч З.Болдбаатар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. З.Болдбаатар шүүгч бол лифтэнд оцгонодог өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан хүн. Энэ хоёр хамтдаа лифтний бичлэгт орсон байдаг. Өөр нэг жишээ татая. Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр шүүх хурал болж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ А.Гансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өнөөдөр С.Соёмбо-Эрдэнэ Дээд шүүхийн ерөнхий шүүгч болтлоо дэвшчихсэн явж байна. Прокурор дээр хаагдсан гэмт хэргийг шинээр үүссэн нөхцөл байдал гэдгээр дахин сэргээх боломжтой учраас би АТГ-т хандаж байгаа юм. Ер нь Б.Баасанцогт, З.Болдбаатар, С.Соёмбо-Эрдэнэ нар хонгилыг метро болтол нь цэцэглүүлсэн хүмүүс. Иймд З.Болдбаатар, С.Соёмбо-Эрдэнэ нарын шүүгчийн эрхийг түдгэлзүүлж, 55 тэрбум төгрөгийн хэргийг сэргээх хэрэгтэй. Өнөөдөр “Чингис” хааны нэр барьж авсан тэр их мөнгөний зээл өр болж үлдсэн. Иймд энэ хэдэн хулгайч нарт хариуцлага тооцох ёстой” гэж мэдэгдлээ.