АН-ын даргыг сонгох сонгууль өчигдөр нийт гишүүдийнх нь хүрээнд болж өндөрлөлөө. Уг нь АН гэдэг улстөрийн субьектийн хувьд нэг л хүн даргаар нь сонгогдох ёстой. Гэтэл хоёр хүн тодров. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат хэмээх залуу С.Эрдэнийн талаас намын даргаар сонгогдсон бол УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ц.Тувааны талаас өрсөлдөөд ялалт байгууллаа. Ц.Тулгат дөрөв, О.Цогтгэрэл гурван хүнтэй өрсөлдсөн. Бүр цаад эх сурвалжийг нь харвал Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэдэг хоёр хүний хооронд энэхүү өрсөлдөөн өрнөж хоёр тал хоёулаа ялалт байгуулсан гэсэн үг.
2020 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын дарга С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж намын даргын тамгаа Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Гэхдээ мань эр өнгөрөгч намраас эхлээд “Би намын даргаа бүр өгөөгүй, түр өгсөн юмаа. Одоо Ц.Тувааны үүрэг гүйцэтгэгчийн хугацаа дууссан учир би буцаад намын дарга болох ёстой” гэж барин тавин зүтгэж эхэлсэн. Бүр тамга тэмдэг шинээр хийлгэж, Дээд шүүхэд хүртэл хандаж Ц.Тувааныг намын даргыг үүрэг гүйцэтгэгчээс хасч, өөрийгөө бүртгэхийг тулгасан. Ц.Туваан ч мөчөөгөө өгөөгүй. “С.Эрдэнэ бол намын дарга биш. Харин би бол хууль ёсны намын даргын үүрэг гүйцэтгэгч” гэж зарлаад С.Эрдэнийгээ АН-ас хөөх шийдвэр гаргасан. Энэ маргаан эцэслээгүй байхад АН-ын даргыг сонгох сонгууль гэгч үйл явц өрнөж өндөрлөлөө. Мэдээж АН дотроо даргынхаа асуудал дээр нэгдмэл байр суурьтай болж амжаагүй байхад сонгууль явуулсан нь бас л ойлгомжгүй, тодорхойгүй байдалд хүргэчихлээ. Хорвоод хоёр наp байдаггүй шиг хоёр толгойтой нам гэж байх учиргүй. Тиймээс АН-ын хувьд хэнийгээ даргаар хүлээн зөвшөөрөх вэ гэдэг хүндхэн сорилттой тулгарлаа. Шинээр сонгогдсон хоёр “дарга” нь урьдын адил тамга тэмдгээ булаацалдсаар байтал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл явц хаяанд тулна. Тэр үед харин хэн хүчтэй нь Ардчилсан Нам гэсэн нэрийг өмчлөх эрхтэй болж, задрал хуваагдал жинхэнэ утгаараа биеллээ олох биз ээ.
Д.Лхагва