АН-ын дарга гэх С.Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өнөөдөр хариуцлагатай мэдэгдэл хийе гэж дөрөв дэх засаглалынхныг урьсан юм. АН-ын зөрчил маргаан, хуваагдлын эх үүсвэр хаана байна вэ гэдэг асуудлаар миний бие өмнө нь байр сууриа илэрхийлж байгаагүй. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн гүтгэлэгт тайлбар хийгээгүй. Өнөөдөр би энэ асуудалд цэг тавьж холбогдох гол нотлох баримтуудыг гаргаж тавьж, олон түмэнд нээлттэй мэдээлэл хийе гэж бодлоо. Монголд хууль шүүх, прокурорын байгууллагаар улстөрчдийг дарамталдаг, айлгадаг, тэднийг нөгөө яриад байдаг хонгилоороо чирдэг үйл явц өнөөдрийг хүртэл үргэлжиж байна. Би өөрөө хонгилоор чирүүлж байгаа хүний нэг. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгосон сонгуулийн дараагаас эхлээд Ерөнхийлөгч Х.Баттулга, бид хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Намын цаашдын байр суурь, үйл ажиллагаан дээр нэгдмэл байх бололцоо үүсээгүй. Сонгогдсон өдрөөс эхлээд өнөөгийн Ерөнхийлөгч улс орны эрх ашгаас илүү өөрийн амин хувийн болон бүлэглэлийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан алхамуудыг хийж эхэлсэн. Үүнээс болоод бид хоёрын хооронд зөрчил үүсч эхэлсэн. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга гэдэг хүнийг АН бүх талаар дэмжсэн. Энэ хүний төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан. Үүний үр дүн гарч Х.Баттулга сонгуульд ялсан. Харамсалтай нь Төрийн тэргүүнээр сонгогдсон тэр мөчөөсөө эхлээд өөрийг нь дэвшүүлж төрийн өндөрлөгт хүргэсэн АН, түүний мянга мянган гишүүдийн итгэл найдварыг уландаа гишгэж эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдтой өрсөлдөж байхдаа тавьж байсан маш олон амлалт нь талаар болсон. Нэг жишээ татахад, оффшорт байгаа олон тэрбум долларыг оруулж ирэх амлалт нь худлаа болсон. Энэ хүн Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монгол Улсад хэрэгтэй нэг ч зүйл хийгээгүй. Ганц гялтайх нь ахмадуудын тэтгэврийг зээлийг тэглүүлсэн явдал. Гэхдээ үүнийгээ хууль зөрчиж хийсэн. Харамсалтай нь зөвхөн зээлтэй ахмадуудыг тэглээд бусад ахмадуудыг орхисон. 2017 онд УИХ дахь АН-ын бүлэг МАН-ын шударга гишүүдтэй нийлж шударга бус ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын засгийг огцруулсан. Дараа нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гэсэн боловч манай намын 3 урвагчтай нийлж авч үлдсэн. Тэр гурван урвагчийг Х.Баттулга бэлдсэн байсан нь дараа нь тодорхой болсон. АН-ын нэр хүндийг унагааж, хүчгүй сөрөг хүчин болгох эхний алхамыг энэ хүн тавьсан. Гэхдээ У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа огцрох үедээ УИХ-ын чуулган дээр бодит үнэнийг хэлсэн. Би У.Хүрэлсүхэд баярлаж байгаа. Яагаад гэвэл тэр бодит үнэнийг хэлсэн. Монголын төрд бугшааж байгаа бодит үнэнийг хэлээд хариуцлагаа хүлээж Засгийн газрын тэргүүнээсээ буусан. Тэр үйл явц бол Ерөнхийлөгч сүүлийн 4 жилд хэнтэй тэврэлдэж, хэний гар хөл болж, хэний төлөө ажилласан бэ гэдгийг ил тод харуулсан алхам болсон. Өнөөдөр АН-д үүсээд байгаа хагарлын нууц ноёнтон бол Ерөнхийлөгч Х.Баттулга. АН-ын даргын хууль бус дотоод сонгуулийн хороог зохион байгуулж, бөөнөөр нь Баянгол буудалдаа аваачин хооллож, архидуулж, мөнгө хахууль өгсөн. Хүмүүсийн тархийг буруу тийш нь эргүүлж зохион байгуулалттай ажиллуулж байгаа хүмүүс бол Х.Баттулга, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар. Эдгээр этгээдүүд надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, удаа дараа дарамтлах гэж оролдсон” гэгчлэн өгүүллээ.
Д.Дорж