ХҮН-ын нарийн бичгийн дарга, хуульч Д.Үүрцайх Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр бол Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Тэрбээр энэ талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ямар хүнийг сонгох вэ гэдэг зарчмыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, зургаан жилийн хугацаантай зөвхөн нэг удаа сонгохоор болсон. Өөрөөр хэлбэл, нэг удаа улиран сонгогдож болно гэсэн заалтыг хүчингүй болгосон. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр шаардлага хангасан иргэн нэг удаа л сонгогдох эрхтэй. Харамсалтай нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлахдаа Үндсэн хуулийн тодорхой зохицуулалтыг нэр дэвшигчдэд тавих шаардлага дотор оруулаагүй. Үүгээр эрхзүйн тодорхойгүй байдал үүсч, эрхзүйт төрийн суурь зарчим алагдаж, Үндсэн хуулийн зөрчил бий болсон. Үүнийг залруулах боломжийг хууль тогтоогчдод олгож өгөөч гэдэг агуулгаар УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд, хуульч миний бие Цэцэд мэдээлэл гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгч нэг л удаа сонгогдох ёстой гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулах ёстой гэдэг асуудлыг тавьсан гэсэн г л дээ. Гэтэл Цэцийн тамгын газраас иргэн бидний энэ эрхээ эдлэх боломжийг хаасан. Бид Цэцийн ямар гурван гишүүн бүрэлэхүүнд ороод байгааг мэдэхгүй учир албан бус байдлаар мэдээлэл хайсан. Бидний авсан баттай бус мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс нэр дэвшүүлж, улмаар Цэцийн гишүүн болсон Б.Буяндэлгэр саналыг бичсэн байх магадлалтай байна. ҮХЦ-ийн дарга Н.Чинбат уг хэргийг Цэцийн гишүүн Ш.Цогтоод хуваарилсан гэдэг мэдээллийг ч бид авсан. Ш.Цогтоо гишүүн өмнө нь энэ маргаантай холбоотой асуудлаар улстөрийн тодорхой байр суурьтай байсан. Ерөнхийлөгчтэй өмнө нь хамтран ажиллаж байсан, мөн эрдэм шинжилгээний хуралд байр сууриа илэрхийлж байсан гэж үзээд энэ гишүүнээс татгалзах хүсэлтээ Н.Чинбатад тавьсан. Нэгэнт мэдээлэл гаргасан учир Цэцийн дунд суудлын хуралдаанаар таван гишүүнйи бүрэлдэхүүнтэй асуудлыг авч хэлэлцээч гэсэн байр суурьтай байгаа. Миний бие иргэн хүнийхээ хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд заагдсан үндэсний эв нэгдлийг хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн, ард түмнээ хагаралдуулах зүйл хийсэн гэсэн байр суурьтай байдаг” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.