15 дугаар хороололд байх нэгэн “Вakery”. 50-иад насны гурван эрэгтэй сүр сархийн ороод ирлээ. Харамсалтай нь бүгдээрээ амны хаалтгүй! Худалдагч бүсгүй QR кодоо уншуулж, амны хаалтаа зүүхийг сануулсан боловч мань гурав тоож байгаа шинж алга. Худалдагч “Энэ чинь үйлчилгээний газар. Амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй” гэвэл бас л сонсоогүй дүр үзүүлэх нь гачлантай. “Харахад нас тогтсон, ганган хээнцэр улс байх юм. Ямар ухамсаргүй юм бэ” гэж торт худалдан авах настай эмээ бусдад дууллахаар хэлэв. Кино үйлдвэрт байх нэгэн үсчиний газар. Үсчиний ойрын хамаатан бололтой 20 гаруй насны залуу ямар ч амны хаалтгүй орж ирэв. Их ч удлаа. Хүн үсээ засуулж байгаа үйлчилгээний газарт амны хаалтгүй хүн орж ирж болох уу? Тэгээд ч үсчин бол хамгийн эсрдэлтэй орчны нэг! Нийслэлд хөл хорио цуцласан нь халдварын тархалтыг хумисан гэсэн үг огт биш. Иргэдэд үүрэг, хариуцлагыг нь даатгаад орхисон хэрэг шүү дээ. Харамсалтай нь бусдад үлгэр дууриал болох насны хүмүүс өөрсдөө явдал үйлдлээ хянахгүй, халдвар хамгааллын дэглэмийг сахихгүй байхаар хүүхэд, залуус ямархуу янзтай биеэ авч явах нь дэндүү ойлгомжтой. Сингапурт гудамжинд шүлсээ хаясан хүнийг торгох хууль баталж байж тэр бүдүүлэг үзэгдлийг цэгцэлж авсан гэдэг. Манай улсад ч хэлээд үг авахгүй байгаа хоосон толгойтнуудын хэтэвчтэй нь ярих цаг болж. Амны хаалт зүүгээгүй хүнийг 150.000 төгрөгөөр торгодог болмоор байна. Эс тэгвээс ухамсар дорой хүмүүсийн бусармаг үйлдлээс болж маш их хөрөнгө, хүч талаар өнгөрөх нь! “Коронавирус бол нэг муу ханиад” гэдэг маш буруу бодолд төөрөөд байгаа хүмүүст хэлэхэд 1918 онд “Испани ханиад”-аар 55.000.000 амиа алдсан юм шүү!
Д.Дорж