Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолын талаар мэдээлэл хийлээ.
ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дэд дарга Г.Гийхнаран “ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоолд өмнө нь байгаагүй гол онцлог зүйлүүдийг танилцуулъя. Иргэдийн дунд нэлээд танигдсан “Зүрх мартахгүй” төсөл дээр жишээ авч тайлбарлая. Өмнө нь тус төслийн хүрээнд хийгдэж байгаа зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаас 3 сая төгрөг олгож байсан. Харин шинэ тогтоолоор тохиолдол бүрд 8 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар болсон. Ингээд төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь ЭМД-ын сангаас гарахаар болсон. Бас нэг том зарчмын өөрчлөлт нь хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болж байгаа.
Шинэчлэсэн тогтоолоор даагуулагчийг эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах, санхүүгийн дарамтыг багасгах зорилготой. Өмнө нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж олгоход ЭМД-ын сангаас санхүүжилт олгодоггүй байсан. Зөвхөн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг л санхүүжүүлдэг байсан бол шинэ тогтоолын хүрээнд даатгалын байгууллагатай хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний гэрээ байгуулсан бол хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ЭМД-ын сангаас санхүүжилт олгохоор болж байгаа.
Өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд нэг тохиолдол 160 мянган төгрөгийн санхүүжилт олгодог байсан бол одоо төрийн болон хувийн хэвшлийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээр өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэн 30 хувийг нь гаргахаар болсон” гэлээ.