Олон жилийн өмнө дөө. “Би шар сонин авдаггүй. Яагаад гэвэл гэрийн маань агаар бохирдоно” гэж Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Догмид гуай өгүүлж байсан нь санаанд буулаа. Тэгвэл өнөөдөр мэдээллийн сайтуудын сэтгэгдэл, фейсбүүк, твиттерийн пост, жиргээг харвал гэрийн агаар бохирдоод зогсохгүй, хүний уураг тархи бузартаж мэдэхээр болжээ. Бөөн гүтгэлэг, доромжлол, хараал зүхэл, үзэн ядалт, өдөөн хатгалт, утга учиргүй турхиралт, өс хонзон, нус цэр уртаас урт хөвөрдөг учраас тэр л дээ. Нэг ёсондоо цахим мэдээллийг дагаад олдмол гаж дон нэгэнт бий болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь. Бусдыг аль муу муухай үгээр харааж, доромжилж байж сэтгэлийн таашаал авдаг хар сүүдэр дагаад үүсчихлээ. Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихоод нийгмийн сэтгэлзүйг бохирлоод удлаа. Амжилт дүүрэн явж байгаагаа, эсвэл жаахан хазайсан нэгнийгээ адгийн муу үгээр булж байгаадаа сэтгэл нь огт зовдоггүй нь харамсалтай бөгөөд эмгэнэлтэй. Амьдрал баян. Хэнд ч юу ч тохиолдож болно. Нэг өдөр дээшээ цойлж байхад, уруудах өдөр ч бий. Угаасаа нийгмийн мөн чанар байгалийн хуультай адилхан юм. Өнөөдөр бороо орж байхад маргааш нар гарч солонго татна. Өглөө нь цэлмэг тэнгэр мэлтийж байхад үдэш нь цасан шуурга тавьж газар тэнгэр нийлнэ. Харин маргааш дахиад цэлмэг өдөр угтана. Гэтэл бид яагаад борооны дараах солонгыг, шуурганы дараах цэлмэг тэнгэрийг харж чадахаа больчихов оо? Яагаад хүний сайн чанарыг нь дэвсэлж, сул талыг нь дөвийлгөнө вэ? Монголчууд хүний мууд ямар дуртай болоо вэ!
Хүнд нэр төрөөс нь эрхэм зүйл байдаггүй учраас л “Нэр хугарахаар яс хугар” гэж монголчууд эрт үеэс захиж, сургаж иржээ. Бусдын нэр төр таны л нэр төртэй яг адилхан эмзэг, нандин үнэт эрдэнэ. Өөртөө дэндүү хайртай хэрнээ өрөөл бусдын, тэр тусмаа элэг нэгт монголчуудынхаа хамгийн эрхэм дээд үнэт зүйл болсон алдар нэрийг нь гутаахаа юман чинээнд тоохгүй байгаа нь зүгээр л аймшиг. Огт хараагүй, танихгүй, ганц үг сольж үзээгүй хүнийг газар доогуур ортол нь доромжлохдоо, мууг нь үзэх гэж улайран зүтгэхдээ үг чинь эвлэж, хуруу гар чинь хөдөлж, зүрх сэтгэл чинь зовохгүй байгаад чинь эмгэнэл илэрхийлье. “ Хэрэв намайг, хайртай хүмүүсийг маань даанч бохир үгээр доромжлон гутаавал би ямар байдалд орох бол?” гэж ганц удаа ч бодож үзсэн үү?
Сайтуудын, бас фейсбүүкчдийн сэтгэгдлүүдийг хар даа! Цочино. Бухимдана. Харамсана. Бас айна. “Орк царайлсан хувалз”, “Юугаа хуцаад байгаа ал вэ!”, “Шоронд хий. Цаазлая, дүүжлэё”, “Гэдсийг чинь хүүлээд зүрхийг чинь суга татаад нохойд хаяад өгье”, “Бөгсний нүхээ үнэлэгч баньд нар”, “Пиздаануудаа хөдөө явж аав ээж дээрээ очиж золгомоор бн” гэх зэрэг хэлэх хэлэхгүй үгээр дайрч, амныхаа зоргоор “хуцалдана”. Тэр ч бүү хэл дэлхийг тэвдүүлж байгаа цар тахлын хөл хорионы үед “Маск бүү зүү, хөл хориог битгий тоо, энэ чинь өвчин биш” гэх мэт ард түмнийг буруу зүйлд уриалан дуудсан пост хүртэл нийгмийн сүлжээгээр зандалчин мэт хэсүүчилж байна шүү дээ. Цар тахлыг хумиж амьдрал хэвийн байдалдаа орох нь зөвхөн төр засгийн ажил биш, иргэн нэг бүрийн үүрэг хариуцлагаас хамаарах үр дүн! Гэтэл өөрсдөө амны хаалтаа горимоор нь зүүхгүй, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах зөвлөмжийг сахихгүй байж юм л бол “Огцор” гэж орилж болохгүй л дээ. Хэдэн өдөр нь зүүсэн нь мэдэгдэхгүй урагдах шахсан маскны оронцог эрүүндээ тохчихоод олон нийтийн газраас хэсүүчилдэг, шүлс нус цэрээ хаа хамаагүй хаяж явдаг, хүн хоорондын зай барих зөвлөмжийг үл тоодог, айл хэсч болохгүй гэдэг анхааруулгыг сөрж хэсэг бүлгээрээ нийлж архиддаг хүмүүс хандлагаа өөрчилж, толгойдоо жаахан салхи оруулахгүй бол халдварт өвчний хүрээ хумигдах нь юу л бол!
Насанд хүрч, ухаан бодол нь төлөвшсөн хэрнээ аливаа асуудалд уян хатан, ухаалаг, ул суурьтай,буурьтай хандаж чадахгүй байгаагийн бурууг ямар хүчин зүйлтэй холбож үзвэл дээр юм бэ? Гэм буруутай, эсэхийг нь шүүх тогтоогоогүй байхад юундаа тэгж амь тэмцэн “цаазын тогтоол” уншина вэ? Ёс зүй, ёс суртахуун, хүнлэг чанараа алдвал хүн дүрстэй араатан л болж хувирна гэсэн үг шүү дээ. Шуудхан хэлэхэд манай өнөөгийн нийгмийн сэтгэлзүй нэг л биш ээ. Айл гэрийн ноён нуруу байх ёстой эрчүүдийн ухамсар, сэтгэлгээ сошиал орчинд шавар шавхайтай хутгалдаж байгаа нь гутамшиг!
Өнөөдөр өсвөр үе, залуус маань сошиалын намагт үндсэндээ “живж” гүйцээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй хүн байхгүй гэж найдаж байна. Ном уншиж, өөрийгөө хөгжүүлж, спортоор хичээллэх тэр л алтан цагийнхаа нэлээдгүй хэсгээ сошиал ертөнцөд залгиулж байна. Харамсалтай нь нийгмийн сүлжээнд юу ноёлож, өндөр хандалттай байгааг бид бүгдээрээ харж байгаа. Тэр хар бараан үзэгдлүүд хүүхэд, залуусын ухаан бодлыг хорлож гүйцлээ.
Монголчууд яагаад аливааг гэгээнээр, эерэг өнцгөөс харж чадахаа больчихсон юм бэ? Хүн хүнээ гэсэн тусархуу, өгөөмөр, өрөвч зөөлөн сэтгэл хаачив? Нэг мэдэхэд хараал зүхэл, үзэн ядалт, өс хонзонтойгоо хамт хүн чанараа залгих вий. Хамгийн гол нь бид цөөхүүлээ гэдгээ хэзээ ч мартах ёсгүй. Нэг нэгнээ хайрла, хүндэл, ойлго, өргөж босго!!! Монгол хүний сайхан сэтгэл газрын гаваар орох ёсгүй!
Дажсүрэнгийн Лхагвадорж