АН-ын хууль ёсны дарга хэмээн өөрийгөө тодотгоод байгаа С.Эрдэнэ 2020 оны 12 дугаар сарын 25-нд Улсын дээд шүүхэд албан бичиг илгээж “АН-аас Улстөрийн намын тухай хуулийн 21.2 дахь хэсгийг баримтлан Улсын дээд шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн АН-ын 2020 оны 12 дугаар сарын 18-19-нд зохион байгуулсан гэх Их хурлын тэмдэглэл, шийдвэр зэргийг буцаан татах хүсэлт гаргаж байна. Улсын дээд шүүхэд хүргүүлсэн 10 дугаар Их хурлын бичиг баримтуудад АН-ыг төлөөлөн дарагдсан тамга хүчингүй болсон, төлөөлөх эрх бүхий хууль ёсны этгээдийн гарын үсэг зурагдаагүй зэрэг танай байгууллага хүлээн авч шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр АН-аас хүргүүлсэн баримтуудыг дутагдалгүй бүтнээр нь хуульд нийцүүлэн буцаан ирүүлнэ үү. АН-ын дарга С.Эрдэнэ” хэмээн хүсэлт гаргасан билээ. С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын даргын суудлаа буцааж авсан гэдгээ мэдэгдсэн гэсэн үг л дээ. Харин Дээд шүүхийн хувьд тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг бүртгэсэн гэдэг хариу өгсөн юм. Дээд шүүхийн тайлбараас үзвэл С.Эрдэнийг АН-ын дарга гэж үзэх боломжгүй харагдаад байгаа.
Юутай ч тамга тэмдгээ булаалдсан зодооноос улбаатай хэрүүл тэмцэл АН-ын хуваагдлыг ёрлох мэт үргэлжилж байна. Хэн хэн нь буулт хийсэнгүй. Тэр ч бүү хэл нэгнийгээ намаасаа хөөж туухад хүрлээ. Тодруулбал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан ердөө хоёрхон хоногийн өмнө бас нэг “дарга” С.Эрдэнийг Ардчилсан Намын гишүүнээс 8 жилийн хугацаагаар хасах тушаал буулгачихсан. Одоо дахин бөөн адал явдалт драм өрнөх нь тодорхой болчихлоо.
Д.Дорж