Нийслэлд коронавирусын халдварын тархалт олигтой буурахгүй байна. Нэгэнт тогтоогдсон голомтуудыг хумиж, өөр шинэ цэг үүсэхээс сэргийлж чадах, эсэх нь зөвхөн төр засаг, НОК, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанаас хамаарахгүй. Иргэд төр засагтай хамтран ажиллаж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж байж цар тахлын ард гарч, хэвийн амьдралдаа орно! Маск зүүж байгаа нь энэ гээд ямар ч чанарын шаардлага хангахгүй хог эрүүндээ тохчихоод шүлс, нус цэрээ дуртай газраа хаядаг, халдвар хамгааллын дэглэмийг огт тоодоггүй хүмүүс маш олон байна. Үнэн хэрэгтээ халдвараас өөрийгөө хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байж юм л бол огцор гэж орилох нь зөв үү?
Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын үед байгууллага, иргэдийн заавал сахин биелүүлэх дүрэм, журмыг баталж, цаг тутамд сурталчилж байна. Гэтэл хатуу хөл хорионы үед ч бөөнөөрөө нийлж архидсан, баяр ёслол тэмдэглэсэн. Үүнээс болж ар гэр, үр хүүхэд, тэдний ойрын хавьтлууд эрсдэлд орсон тохиолдол хэд хэд гарсан шүү дээ. Өөрийнхөө байж байгаа царайг нэг харчих! Өөртөө дүгнэлт хий!
“Нийслэлд вирусын тархалтын цар хүрээ хумигдахгүй байна. Аль болох гэртээ бай, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар бүү яв, хүн хоорондын зайгаа заавал барь, гэртээ зочин битгий урь, өөрөө айлд бүү оч, хүний бөөгнөрөл битгий үүсгэ, маскаа зөв зүү, гудамжинд хаяж болохгүй” зэрэг зөвлөмж, анхааруулгыг үл тоодог хоосон толгойтнууд яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ?
“Халдварын тархалт өндөр эрсдэлтэй байгаа үед айлд битгий оч” гэдэг анхааруулгыг УОК, НОК, ЭМЯ хэлэхээрээ нэг болсон. Харамсалтай нь хэнэггүй, дураараа зангаараа нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү айл хэссэнээс болж олон хүн эрсдэлд орж байна! Тэр хүмүүст “Огцор” гэж шаардлага тавих эрх бий юү? Коронавирусын хор хөнөөлийг дутуу үнэлж, өөрийнхөө өрөөсгөл ойлголтоор нийгмийн харилцаанд орж байгаа хүмүүс гай тарьж байна! Иргэдийн ухамсар, сэтгэхүй дээшлээгүй цагт хөл хориог 1000 удаа ч тогтоогоод нэмэргүй!
Д.Лхагва