Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө авч хэлэлцээд, дэмжсэн билээ. Уг шийдвэртэй холбогдуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж мэдээлэл хийхдээ “Та бүхэнд хандаж таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ-рүү зөөх явцдаа хариуцлагагүй, хүнлэг бус үйлдэл гаргасан. Би хоёр охинтой, эцэг хүн. Тэр эмэгтэйгээс хариуцлагагүй байдал гаргаж ажилласан нөхдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Би Монголын төрийг ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг байгаасай гэж хүссэн. Цар тахлыг амжилттай давахын төлөө хөл хорио тогтоож, албан тушаалтнууд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Гэхдээ зарим нэг нөхөд хариуцлага алдаж байна. Харамсалтай нь хөөрхий тэр эмэгтэй хүнд нөхцөлд хүний нүд хальтрам, элэг эмтрэм хүнд нөхцөлд шилжүүлсэндээ сэтгэл өвдөж байна. Дайны гол шугаманд нөхдийнхөө хамт тулаанд ордог нь цэрэг хүний хувь заяа байдаг. Би бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллах гол зорилго тавьж байсан. Гэвч манай Засгийн газрын хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Манай иргэд төр засагтаа үгээ хэлж, хариуцлага тооцож ажиллахыг шаардсан. Энэ шаардлагыг би зөв гэж бодож байна. Ёс зүйн хариуцлага хүлээх нь Монголын улс төрд шинэ соёл оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Хариуцлагыг хамтаараа үүрч, Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн хүндтэй албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна.
Ард түмний жагсаал цуглаан болж байгаа цаг үеийг далимдуулж улстөрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар үзэл бодлоо илэрхийлж байгаа жагсаалыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашид ч гудамж талбайн цуглаан жагсаалыг зохион байгуулалттай хийж, Монгол Улсын Засгийн газрыг тогтворгүй байлгах, олон түмнийг нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах үйл ажиллагааг төлөвлөж байхыг үгүйсгэхгүй гэж би бодож байна. Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн төрийн институтуудын хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнд нь ард түмэн түлхэгдэн орох вий, Монгол хүн хохирох вий гэсэн болгоомжлол байна. Дахин 7 дугаар сарын 1 битгий давтагдаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг. Харамсалтай нь Х.Баттулга энэ ажлаа удаа дараа хийж чадахгүй, байгаа тул Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. Миний бие улстөрөөс явж байгаа биш, шударга шүүхтэй, АТГ нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Хэн нэгэн хүнийг дуудаж, ял оноодог, өөрийнхөө өрсөлдөгчийг намнадаг, хуулийн байгууллагын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг Ерөнхийлөгчтэй байж болохгүй” гэлээ.