Хүний эрхийг ярьж, тэмцэж байгаа бол Монголчуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа хүмүүсийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Тухайлбал, орцонд тамхи татдаг, гудамжинд нус цэрээ хаядаг, амны хаалтаа хаа дуртай газраа шидчихдэг зэрэг нийгэмд хор хөнөөлтэй үйлдлийг байнга хийж явдаг хүмүүст хатуу шаардлага тавих цаг болсон шүү, жагсагч иргэдээ!
Гэртээ болон орцонд тамхидаж, архидаж тухайн орчныг гамшиг болгодог нийгмийн дайснуудад хүний эрх яриад жагсах эрх байгаа юу? Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулчихаад “Би эрх чөлөөгөө эдэлж байна” гэж том эндүүрч, элийрэгчид нийтийн эрх ашиг гэж юу болохыг мэдэх үү?
Шүлс, нус цэрээ баруун солгойгүй хаяж, зүүсэн маскаа бусдын өмнө шидэхдээ сэтгэл нь огтхон ч зовдоггүй бүдүүлгийн туйлуудад бусдыг өмгөөлж, хамгаалах сэтгэл байгаа юу? Цонхоороо архины шил, сүүжний ясыг юу ч бодолгүй шиддэг оркууд талбай дээр хүний эрх яриад жагсахаасаа ичих хэрэгтэй!
Гэрлэн дохио зөрчдөг, хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, эгнээ байраа буруу эзэлдэг, дүрмээрээ явж байгаа жолоочийг шахдаг, эрх чөлөөнд нь халддаг, хэл амаар доромжилдог, сигналаа цус харватал чарлуулдаг, цонхоороо хог хаядаг, согтуугаар машин жолоодож гэмгүй хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг нийгэмшээгүй “жолооч” нар эхлээд өөрийнхөө хүмүүжил төлөвшил, гаргаж байгаа бусармаг үйлдэлдээ дүгнэлт хийх ёстой!
“Би хүмүүсийн эрхийг зөрчөөд байна. Миний эрх чөлөө бусдын эрх ашгаар хязгаарлагдана” гэдэг ухамсрыг эхлээд өөртөө суулгах ёстой. Тэгж чадаагүй бол чамаас хэзээ ч бусдын төлөө гэсэн сэтгэл гарахгүй!
Д.Лхагвадорж