УИХ өнөөдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолуудыг баталснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгал хийж, иргэдийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангах эрхэм зорилго нэг шатаар урагшиллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг зорилт нь шүүх, шүүгчдийн хараат бус, бие даасан байдлыг хангах, үүгээр дамжуулан шударга ёсыг тогтоох явдал байсан. Шүүхийн тухай хуулийг хэлэлцэн, батлахад Улсын Их Хуралд суудалтай бүх нам, бие даагчид онцгой хүчин чармайлт гаргаж, ойлголцол, зөвшилцлийг эрхэмлэж, нийгмийн шударга ёсыг тогтоох эрхэм зорилгод нэгдэж, Монгол Улсын Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа үнэнч байж, шүүхийн шинэтгэлийн төлөө нэг санаа, нэгдмэл зорилготой ажилласан явдалд гүн талархал илэрхийлье. Энэ хуулиар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангалаа. Иргэдийг эрүүдэн шүүх, хууль бусаар яллах зэрэг хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх зохицуулалтуудыг орууллаа. Шүүх эрх мэдэл, түүний хараат бус байдалд хэн нэгэн нөлөөлөх, эрх мэдэл тогтоохоос сэргийлж, олон талын оролцоо, хяналт тэнцлийг тогтоолоо. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороотой байхаар тусгаж, эрх үүргийг тодотголоо. Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгохдоо ил тод сонгон шалгаруулах зарчмыг баримтлах, нийтийн сонсгол хийх, нэр дэвшигчдийн талаар иргэд санал бодлоо илэрхийлэх замаар шударга ёсыг хангах, шүүхэд шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлэх шинэ тогтолцоог бүрдүүллээ. Нийтийн сонсгол бол аливаа асуудлыг иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор нээлттэй хэлэлцэж, ярилцдаг ардчиллын шударга хэлбэр гэж үздэг. Энэ шүүлтүүрээр орж, сонгогддог боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, томилох, нэр дэвшигчдийг томилгооны сонсголоор заавал оруулдаг байхаар заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлд заасан ард түмний мэдэх эрх, оролцоог хангаж буй чухал зохицуулалт боллоо.
Шүүгчид нэр дэвшигчээс хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт төдийгүй мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт авах, эдгээр шалгалтын аль алинд нь тэнцэж, хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг шүүгчээр томилох боллоо. Эдгээр өөрчлөлт хэрэгжсэнээр шүүх болон шүүгчийн хараат бус байдал хангагдаж, улс төр, бизнесийн аливаа нөлөөлд орохоос сэргийлэх нөхцөл бүрдэнэ. Шүүгчид ёс зүйн болон эрх зүйн хариуцлага хүлээлгэх үр нөлөөтэй тогтолцоо бүрдэнэ. Хамгийн чухал нь Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёс ноёрхох суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Улмаар хууль нь ярьдаггүй шүүгч, шүүгч нь ярьдаг хууль байх сонгодог зарчим тогтоно. Эрх зүйн хувьсгалын нэг үндсэн зорилго нь үүнд чиглэж байгаа юм.
Мэдээж хуулийн үр дагавар нэг өдөр шууд гарахгүй, тодорхой хугацаа шаардана. Энэ хуулийн, шүүхийн шинэтгэлийг бодитой хэрэгжихэд шүүгчид төдийгүй хүн нэг бүрийн хүчин зүтгэл онцгой хувь нэмэр оруулна. Хуулийг хэрэгжүүлэхэд бүх шатны шүүхийн байгууллага, шүүгчид онцгой чухал үүрэгтэй гэдгийг эцэст нь тэмдэглэж хэлье” гэлээ.