15 дугаар хороололд байх “Жуков” худалдааны төв. Хүүхэд дагуулсан /уг нь өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон нийтийн газар хүүхдээ дагуулж явах хориотой/ залуухан эмэгтэй маскаа авчихаад утсаар ярина. Нэлээд удаан ярилаа. Худалдаа, үйлчилгээний газраар явахдаа амны хаалтаа авч огт болохгүй гэдгийг тэр эмэгтэй ердөө ойшоохгүй байгаа нь гаргаж байгаа хандлагаас нь илт.
Хөл хорионы дэглэмийг сулруулсан нь халдвар хамгааллын дэглэмийг цуцалсан гэсэн үг биш шүү дээ. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдварын эрсдлээс хамгаалах үүрэг иргэн нэг бүрт ноогдсон. Өөрөөр хэлбэл, иргэдийн ухамсаргүй, хариуцлагагүй, салан задгай зан төлөвшил цар тахлын үед засрахгүй байсан цагт 1000 удаа хатуу хөл хорио тогтоогоод нэмэргүй.
Худалдааны төвөөр үйлчлүүлэх гэж байгаа бол үүдэнд нь суугаа халдвар хамгааллын хувцастай хүнд заавал халуунаа хэмжүүлж, QR код уншуулж байж нэвтрэх ёстой. Гэтэл халуунаа хэмжүүлэхээс татгалздаг, уурладаг, хүний үгийг үл тоодог, тавьсан шаардлагыг нь биелүүлдэггүй хүмүүс олон байна. Тухайлбал, худалдааны төвийн урд хаалгаар орсон бол зүүн талын хаалгаар гарна гэдэг дүрмийг биелүүлэх нь тийм хэцүү биш шүү дээ. Хараад байхад өсвөр үеийн хүүхдүүдээс гадна эмэгтэйчүүдээс хайнга, тоомжиргүй хандлага маш их ажиглагдаж байгаа нь харамсалтай. Уг нь эмэгтэй хүн хамаг л сайн сайхны үлгэр жишээ байх ёстой биз дээ?! Өөрийнхөө дураараа, ихэрхүү зангаас болж гэр бүл, үр хүүхэд, аав, ээж, хайртай хүмүүсээ аюулт вирусын халдвараар өвчлүүлнэ гэдгийг ойлгоогүй цагт цар тахлын тархалт хэзээ ч хумигдахгүй!
Д.Лхагва