Төрийн албаны зөвлөл шинэ оны ажлаа ажил хэрэгч, ач холбогдол дүүрэн арга хэмжээгээр эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачдын үнэтэй зөвлөгөө, сургамжийг сонсон, ажилдаа тусган авч хэрэгжүүлдэг уламжлалт уулзалтаа цахимаар зохион байгуулсан байна. Цахим уулзалтад оролцогчдоос УИХ, Засгийн газрын гишүүн асан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх Д.Тэрбишдагва Tөрийн албаны зөвлөлийнхөнд болон оролцогч зочдод талархал дэвшүүлээд, ёс суртахууны талаарх санаа бодлуудыг нь дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн “Төрийн албыг ёс суртахуун чимнэ. Ёс суртахуунлаг Төрийн алба нь Монгол Улсаа чимнэ” хэмээн нийт Төрийн албан хаагчдад хандан уриалжээ.