Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Үдээс өмнө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 76 саналын томьёоллын 16-д Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, саналаа тусган, заалт тус бүрээр санал хураасан бол үдээс хойших хуралдаан 84,2 хувийн ирцтэйгээр эхлэв.
Төслийн 27 дугаар зүйлийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад иргэнд албан бичгээр хариу өгөх тухай санал хэлж байв. Уг саналтай холбогдуулан ажлын хэсгээс нэмэлт тайлбар хийгээгүй ба “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх талаар гаргасан өргөдөл, гомдолд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч албан бичгээр хариу өгөх” гэсэн заалтыг 27.1.7-д нэмж оруулах санал 56,2 хувийн саналаар дэмжигдэв.
Төслийн 35 дугаар зүйлийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан тухайн шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрэх үед хугацааг нь тулгаж мэдэгддэг. Үүнд ямар зохицуулалт оруулсан талаар тодруулж байв. Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр гишүүн, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрэхээр байгаа бол орон тоо гарахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө гэж заасан нь прокурорыг орлож болдог бол тухайн шүүгчийг орлох боломжгүй байдаг гэсэн тайлбар хийв.
Төслийн 37.7-д “Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн дотроосоо нууц санал хураалтаар, гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно” гэсэн ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв.
Төслийн “43.4.Шүүгчийг Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал олгохыг хориглоно.” гэсэн заалтыг хасах саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан гаргав. Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хийсэн тайлбартаа, “Эхийн алдар”-аас бусад одон, шагналыг авахгүй гэсэн асуудлыг Дээд шүүх өөрөө гаргасан тул ажлын хэсэг хүндэтгэн үзэж тусгасан болно гэв. Улсын Их Хурлын гишүүд уг заалттай холбогдуулан байр сууриа илэрхийлж, ажлын хэсгийн гишүүдээс нэмэлт тайлбар сонссоны дараа санал хураалгахад “Шүүгчийг Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал олгохыг хориглоно.” гэсэн заалт хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжлэгийг аваагүй болно.
Төслийн “47.2.Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. Шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэнэ.” Мөн “47.5.Шүүгчийн албан ёсны айлчлал, томилолт, төрийн ёслол, хүндэтгэл, энэ хуулийн 16.5-д заасны дагуу томилолтоор ажиллах болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогсон бусад арга хэмжээний зардлыг шүүхийн төсвөөс санхүүжүүлнэ.” гэсэн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангийн гаргасан төслийн 49.1 дэх заалтыг хасах тухай санал гишүүдийн 78,6 хувиар дэмжигдсэн юм. Энэ нь “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна. Шүүгч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаас хэтэрсэн зардал, түүнчлэн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгоно.” гэсэн заалт юм.
Төслийн 52 дугаар зүйл “Шүүгчид хориглох зүйл”-ийн 1 дэх заалтын 1-ээс 19 дэх хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулж, мөн 52.1.20-52.1.40 дэх заалт нэмж тусгах тухай зарчмын зөрүүтэй санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв. Үүнд, “52.1.14.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал авах”-ыг хориглоно гэсэн санал багтсан юм.
Төслийн 53 дугаар зүйлд ажлын хэсгээс санал гаргаагүй ба 54.2 дахь хэсгийг хасах горимын санал дэмжигдсэн. Төслийн 59 дүгээр зүйлийн 59.1.3, 59.1.4, 59.6.1 дэх заалт, мөн зүйлийн 59.2 дахь хэсгийг өөрчлөн найруулах, 59.2-59.5 дахь хэсэг болгох санал гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.
Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах тухай 60 дугаар зүйлд гишүүдээс санал гараагүй ба ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал бүгд дэмжигдсэн.
Төслийн 65 дугаар зүйлийн 65.5 дахь хэсгийн “үзэх шалтгаантай” гэснийг “шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэж өөрчлөх, 68 дугаар зүйлд 68.3-68.8 дахь хэсэг нэмэхийг мөн дэмжив.
Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 43-аас 76 дахь саналын томьёолол буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 70, 73, 74, 75, 78, 79, 80, 82, 83, 84, 85, 88, 89, 91, 94 болон 100-107 дугаар зүйлүүдэд оруулсан өөрчлөлтүүд дэмжигдсэн. Харин төслийн 108.2 дахь заалтыг “Илтгэгч гишүүн энэ хуулийн 108.1-д зааснаас бусад тохиолдолд өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж ажлын хэсгээс гаргасан саналыг “Илтгэгч гишүүн энэ хуулийн 108.1-д зааснаас бусад тохиолдолд өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш гуч хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд гаргаж, олонхын дэмжлэг авсан.
Үргэлжлүүлэн 109-120 дугаар зүйлүүдэд оруулсан өөрчлөлтүүд дэмжигдсэн бөгөөд дээрхээс бусад зүйлүүдэд ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй болно. Дараа нь ажлын хэсгээс найруулгын дөрвөн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал тус бүрээр санал хураалт явуулж, дэмжсэн болно. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил нар төслийн зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулах тухай санал хэлж байв. Учир нь ажлын хэсгээс гаргасан саналын томьёололд төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад өөрчлөлт оруулан дэмжигдсэн гэсэн тайлбар хийв. Хуралдаан даргалагч С.Бямбацогт Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн асуудлыг өөрчлөх нь Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийг зөрчих болно. Иймд хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр уг асуудлыг дахин оруулах боломжтой гэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэв. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Зөрчил шалган шийдвэрлэх тухай нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол, Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх саналын томьёолол /2/ болон холбогдох бусад хуулийн төслийн талаарх саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсныг Байнгын хорооны гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.
Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулахаар тогтов.