Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр ард иргэдэд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд шалтгаан нь тодорхойгүй дөрвөн голомт илрээд байна. Өнөөдрийн байдлаар эх үүсвэр тодорхойгүй дөрвөн голомт байна гэсэн үг. Хөл хориог сунгах, эсэхийг эрсдлийн үнэлгээгээр шийднэ. Одоогийн нөхцөл байдлаас харвал сунгах магадлал өндөр байна” гэлээ.
Сайд Т.Мөнхсайхан мөн халдвартай хүмүүсийг гэрт нь эмчлэх хэмжээний өндөр ачааллыг эрүүл эмнэлгийн байгууллагууд аваагүй байгааг тодотгоод тэг зогсолт хийх хэмжээнд одоогоор хүрээгүйг онцлов. Мөн иргэд амны хаалтаа тогтмол зүүх, гэрийн дэглэмд байх, дэлгүүрээр явахдаа хүн хоорондын зайг горимын дагуу барих, нэгнийгээ айлчлахаас татгалзах, халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахихыг онцгойлон анхаарууллаа. Эрүүл мэндийн сайдын мэдээллийн үеэр Нийгмийн Эрүүл мэндийн төвийн тархвар судлаач эмч Б.Сувдаа хийсэн мэдээлэлдээ “Хамгийн эрсдэлтэй цэг болох эмийн сан, банк, худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси, түгээлт зэрэг байгууллага, иргэдээс шинжилгээ авч байгаа. Маргаашаас эхлэн шинэ жилийн үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвийн худалдагч, түрээслэгчдээс шинжилгээ авна” гэлээ.