УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны хоёрдугаар дугаар сарын 1-ний өдрийн “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар төслийн 1 дүгээр зүйлийг “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор, Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэж өөрчлөн найруулах, төслийн 2 дугаар зүйлийг “Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг” гэснийг хасах гэж өөрчлөн найруулах, хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг “21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно”, “21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг тус тус дэмжив.