Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Улсын Онцгой комиссоос санал болгосон хатуу хөл хориог сунгах, эсэх асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газар, Улсын онцгой комисс удтал зөвлөлдсөний эцэст халдвар илрээгүй орон нутгийн хөл хорионы дэглэмийг сулруулж, халдвар бүртгэгдсэн аймаг, сумдын хөл хориог цааш дахин 10 хоног сунгахаар боллоо.
Энэ шийдвэр ёсоор бол Улаанбаатар болон халдварын голомт нутаг болоод байгаа Сэлэнгэ, Архангай аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020.12.11-ний 06:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг мөрдөхийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Харин халдвар бүртгэгдээгүй бусад аймгуудын хөл хорионы зэргийг 2020.12.01-ний 06:00 цагаас эхлэн бууруулж, 2020.11.11-нээс өмнө мөрдөж байсан өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлэхээр болжээ.