Эрүүл мэндийн яамнаас өнөө өглөө 11 цагт хийсэн ээлжит мэдээллийн цагаар “Та бүхэн ямар вакциныг Монгол хүний эрүүл мэндэд тохирно гэж бодож байна вэ” гэсэн сурвалжлагчийн асуултад ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл хариулахдаа “Коронавирусийн анхны 140 гаруй вакцины туршилт эхлэх үеэс Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ анхаарал хандуулж, судалж эхэлсэн. Бид өнгөрөгч долдугаар сард Олон улсын хамтарсан КОВАКС хөтөлбөрт нэгдэх хүсэлтээ илгээсэн. Энэ бол хөгжил буурай орнууд болон дэлхийн нийт хүн амд коронавирусын эсрэг вакциныг тэгш хүртээмжтэй хүртээх зорилгоор байгуулсан хөтөлбөр. Манай улсыг вакцин авах эхний орнуудын жагсаалтад бүртгэсэн. Бид Ковакс хөтөлбөрийн хүрээнд эхлээд хүн амынхаа 20 хувь буюу эрсдэлт бүлгийг вакцинд хамруулна. Нэгдүгээрт, эмч, цагдаа, онцгой байдал, хоёрдугаарт, өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, гуравдугаарт, сургууль, цэцэрлэг хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа багш нарыг үе шаттай хамруулахаар төлөвлөсөн. Үүний дагуу вакцин авах, түгээх, вакцинжуулах төлөвлөгөө гаргаж УОК-т хүргүүлсэн.
Вакцины тухайд бид вирус агуулаагүй, сулруулсан Модерна компанийн вакциныг нэвтрүүлэхээр дараалал гаргаж төслөө боловсруулан хүргүүлсэн. Өчигдөр Монголын цагаар 21.00 цагийн үед Женев дэх байгууллагад цахим хэлбэрээр, бас албан бичгээр хүргүүлсэн. Ингэхдээ бид ДЭМБ-ын зөвшөөрөл авсан, манайд байгаа хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжид хадгалж болох зэрэг 12 шаардлагад нийцсэн вакцин авах санал тавьж байгаа” гэлээ.